Дэлхий дахинд геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж, олон оронд зэвсэгт сөргөлдөөн үүсэж, намжсаар байгаа юм. Түүнчлэн, ОХУ Украин руу халдаж өнөөгийн дайныг дэгдээсний дараа дэлхийн III дайн эхэлж болзошгүй гэх яриа ч гарах болсон.
Өнгөц харвал, барууны орнууд Украинд туслаж байгаа зэрэг нь байдал хурцадсан нөхцөлд холбоотон орнууд Орос, Украины дайнд татагдан орсноор дэлхийн III дайн дэгдэж болзошгүй ч математик тооцооллын аргаар дайн эхлэх эрсэдлийг судалсан эрдэмтэн огт өөр бодолтой байгаа гэнэ.
Тодруулбал, АНУ-ын Колорадогийн их сургуулийн математикч Аарон Клаузе ойрын 100 жилд хүн төрөлхтөн өргөн цар хүрээтэй дайнтай нүүр тулахгүй гэж үзэж байгаа талаар Milliyet сонин дамжуулжээ.
205 жилд нэг удаа
Клаузе математик тооцоолол хийн, дэлхийн дайн гэж ангилж болохуйц өргөн цар хүрээтэй сөргөлдөөн дунджаар 205 жилд нэг удаа тохиодог гэж үзжээ. Хэдийгээр Дэлхийн нэг болон хоёрдугаар дайны хооронд асар богино хугацаа байсан ч тэрбээр ийм дүгнэлтийг гаргасан байна.
Клаузе судалгаандаа 1823-2003 оны хооронд болсон зэвсэгт сөргөлдөөнүүдийн давтамжийг судалжээ. Тэрбээр тооцоололдоо улс орнууд дахь улс төрийн хурцадмал байдлыг илтгэх хувьсагчийн олонлог, эдийн засгийн хүчин зүйл, технологийн боловсруулалт, бүс нутгуудын зөрөлдөөн, үзэл суртлын сөргөлдөөнийг харгалзан үзсэн байна.
1913-1945 оныг дуустал 2,7 жил тутамд хүний амь нас олноор хохирсон ямар нэг үйл явдал болж байсныг Клаузе онцолжээ. Харин 1945-2003 оныг дуустал ийм төрлийн сөргөлдөөн 12,8 жил тутамд гарч байсан байна.
"1823 оноос хойш гарсан бүхий л дайныг судлахад дайн хоорондын хугацаа уртсах тусам сөргөлдөөн богино болж байгаа нь харагдсан. Бид судалгаандаа 2003 он хүртэлх үйл явдлыг судалсан, тиймээс сүүлийн жилүүдийн сөргөлдөөнийг авч үзээгүй гэдгийг онцлох нь зүйтэй" хэмээн Аарон Клаузе өгүүлсэн байна.
Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш 78 жил өнгөрсөн, дараагийн дайн 100-150 жилийн дараа л гарч болзошгүй гэж Клаузе үзэж байгаа аж. Гэхдээ энэ таамаглалд найдан тайвшрах хэрэггүй, аливаа гэнэтийн үйл явдал түүхийн явцыг өөр тийш нь эргүүлж дөнгөнө гэж тэрбээр онцолсон байна.
Түүнчлэн, хүний зан байдлын онцлогууд, дипломат зохицуулалтын боломжоос хамаарч ирээдүйг таамаглахад хүндрэлтэй байдаг, эдгээр хүчин зүйлсийг математикийн шинжлэх ухаанаар тооцоолох боломжгүй гэж Клаузе онцолжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |