Хятадад хүн төст роботуудыг олноор үйлдвэрлэх ажлыг ирэх оноос эхлүүлэхээр болжээ. Ийм ажлыг Хятадын Fourier Intelligence стартап төлөвлөж байгаа талаар SCMP сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, GR-1 хүн төст роботыг олноор үйлдвэрлэх ажлыг 2023 оны сүүлээр эхлүүлж, 2024 онд "олон мянган хувийг" зах зээлд нийлүүлнэ гэж Fourier Intelligence төлөвлөж байгаа аж.
GR-1 хүн төст роботыг долдугаар сарын сүүлээр Шанхайд болсон Хиймэл оюун ухааны олон улсын бага хурлын үеэр танилцуулж байжээ.
Энэ хүн төст робот хоёр хөл дээрээ 5км/цаг хурдтай явж, 50 хүртэлх кг жинтэй ачаа зөөх чадвартай аж. Энэ роботыг бүтээх ажлыг 2019 оноос эхлүүлж байжээ. Одоо аппаратын хангамжийн боловсруулалт, роботын "тархи"-нд хиймэл оюун ухаан суулгах тал дээр ажиллаж байгаа гэнэ.
Энэ ажлын хүрээнд хиймэл оюун ухааны салбарын хэд хэдэн компанитай хамтран ажиллах талаар хэлэлцээ хийж байгаа гэнэ. Хүн төст роботуудыг ахмад настныг асрах, боловсрол, зочид буудлын салбарт ажиллуулах боломжтой гэж компанийн төлөөлөгч онцолжээ.
Хүн төст роботыг олноор үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа Fourier Intelligence компани 2015 онд байгуулагдсан, дэлхийн 10 гаруй орны эмнэлгийн байгууллагуудад төрөл бүрийн робот нийлүүлдэг аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |