Наадмын дараа намар гэдэг. Монголчууд наадмын намар гэж дараа өвөлжилтийн бэлтгэлээ хангаж эхэлдэг. Харин зарим сумдууд наадмынхаа дараа дараагийн баяр наадамдаа бэлтгэж эхэлдэг бололтой.
Энэ жил Дорноговь аймгийн Сайхандулаан сум, сум байгуулагдсныхаа 99 жилийн ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлсэн. Ирэх жил тус сумын 100 жилийн ой тохиож байгаа юм. Иймээс 100 жилийн ойгоо угтан баяр наадмын талбайгаа шинэчлэхээр болсон байна. Тодруулбал, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Засаг даргын тамгын газрын захиалгаар Орон нутгийн хөгжлийн сангийн 195 сая төгрөгөөр наадмын талбай барихаар тендер зарласан байна.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө нь тухайн орон нутгийн дэд бүтцийг сайжруулах, нийтийн эзэмшлийн талбайн тохижилт, гэрэлтүүлгийг сайжруулах, бэлчээрийг хамгаалах, инженерийн хийцтэй худаг гаргах, булаг, шандыг хамгаалах зэрэг олон салбарын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулдах ёстой. Гэвч сүүлийн жилүүдэд энэ сангийн хөрөнгө наадмын талбай барих засварлах ажилд зарцуулагддаг болоод байна. Үүний нэг жишээ нь Дорноговь аймгийн Сайхандулаан сум юм.