Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах уу
2023-07-24

Автозам, төмөр зам зэрэг дэд бүтцийн хувьд хүндрэлтэй, алслагдмал, төвийн эрчим хүчний шугаманд холбогдоогүй, үйлдвэрлэлийн усан хангамж шийдэгдээгүй, баяжуулалтын технологи сонгогдоогүй зэрэг олон шалтгааны улмаас тус ордыг эргэлтэд оруулалгүй өдийг хүрсэн Асгатын мөнгөний ордтой холбоотой Төрийн худалдан авах ажиллагааны газраас өнгөрсөн долоо хоногт хоёр тендер зарлалаа.

 

 

Энэ сарын 21-ний өдөр Асгатын мөнгөний ордын хэвтээ малталтуудын 3-н хэмжээст зураглалын ажил хийх, эрсдэл аюулгүй байдлын үнэлгээ хийх тендер зарласан байна. Тендерийн төсөвт өртөг нь 325 сая төгрөг. Мөн Асгатын мөнгөний ордод гадаргуугийн бүрэн зураглал буюу Топо геодезийн ажлыг хийлгэхээр 380 сая төгрөгийн тендер зарлажээ. 

 

Засгийн газрын 2020-2024 оны ажлын хөтөлбөрт “Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад шаардлагатай туршилт, судалгаа хийж, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэнэ” гэж тусгасан” байдаг. Тэгвэл ийнхүү энэ оноос зарим судалдааны ажлуудыг хийж эхлүүлэх нь. 

 

Тодруулбал, ажлын хэсгийн хуралдаанд оролцсон гишүүд Стратегийн ач холбогдол бүхий томоохон орд болох Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зайлшгүй шаардлагатай бөгөөд үүний тулд тус ордод нэмэлт хайгуулын ажлыг гүйцэтгэн нөөцийг бүрэн тогтоох,  мөн тус ордын нарийвчилсан хайгуулын бүс нутгийн хэмжээнд гүйцэтгэж, нөөцийг шинэчлэн тогтоох ажлыг 2024 онд багтаан хийхээр төлөвлөжээ.

 

 

Асгатын мөнгөний орд нь Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос баруун тийш 180 км, Цагаан нуурын чөлөөт бүсээс хойш 40 орчим км, Улаанбаатар хотоос баруун тийш 1800 км зайд оршдог. Тус ордыг 1976 онд БНМАУ-ын хилийн 100 км-ийн бүсийн геологийн судалгааны үед илрүүлсэн. 1986 оноос Асгатын мөнгөний ордын хэмжээнд явуулсан төрөл бүрийн геологийн судалгааны ажлын үр дүнд 25 метр квадрат талбайд тархсан дунджаар 3 км урт, 80 метрийн өргөнтэй 15 хүдрийн бүс илэрсэн. Нийт 6.4 сая тонн хүдэр, 72.6 мянган тонн зэс, 3.3 мянган тонн висмут, 31.8 мянган тонн сурьма, 2.2 мянган тонн мөнгөнөөс гадна бусад дагалдах холимог металлын нөөцтэй.


 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Орос ах нартай хамтраагүй цагт Монголчууд Асгатын мөнгөний ордын талаар цаашид олон арван жил зүүдэлсээр байх болно.
2023-07-25