Австралийн телевизийн хөтлөгч асан, одоо блогчноор ажилладаг Жаклин Фелгейт нэн ховор өндөгний зургийг олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа оруулжээ.
Түүний бичсэнээр, Жаклин супермаркетаас нэг хайрцаг өндөг авсан гэнэ. Гэртээ очоод хайрцгийг нээхэд дотор нь нэг өндөгний оронд хуванцар бөмбөг хийчихсэн мэт санагдсан ч үнэндээ энэ нь төгс бөөрөнхий хэлбэртэй өндөг байжээ. Ийм хэлбэртэй өндөг гарах тохиолдол 1,25 тэрбумд нэг тохиолддог гэнэ. Хамгийн сүүлд ийм өндөг олсон хүн 1400 доллараар өндөгийг зарж байжээ.
2010 онд мөн ийм өндөг олж байсан Британийн тогооч Жейс Черч тухайн үед бөөрөнхий өндөгийг хагалж "зүрхлээгүй" хэмээн өгүүлсэн байна.
"Би амьдралынхаа туршид 100 мянгаас доошгүй өндөг хагалсан байх. Гэхдээ тийм бөөрөнхий өндөг дахиж хараагүй" хэмээн тэрбээр Жаклины пост дор бичжээ.
Төрөл бүрийн шувуудаас өөр өөр хэлбэртэй өндөг гарах үзэгдлийг хувьслын биологчид ч судалж байсан юм. Хэдэн жилийн өмнө Science сэтгүүлд нийтлэгдсэн материалд өгүүлснээр, шувууны нисэх чадвараас өндөгний хэлбэр ихээхэн хамаардаг аж. Тодруулбал, байнга нисдэг шувуунууд зууван хэлбэртэй өндөг гаргадаг бол бага нисдэг эсвэл огт нисэж чаддаггүй шувууд бөмбөрцөг хэлбэртэй өндөг гаргадаг гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |