Монгол Улсын нийслэл төв талбай дээр ойрын хэд хоногт жинхэнэ утгаараа баяр болж байна. Дуутай, хууртай, дугуй хуушууртай, дунд нь цэнгэн хөөрцөглөх бяцхан үрстэй. Ёстой л олон баяр зэрэг давхацсан өдрүүд болж өнгөрлөө. Хотын төв болсон энэ газарт гэгээлэг ертөнцүүд цуглажээ. Тэд бүгдээс амьдралын олон өнгө харагдана.
Алдарт эхчүүдийн нас залуужиж, гоо үзэсгэлэн нь гэрэлтэнэ
Сүхбаатарын талбайд цэцэг барьсан олон хүмүүс цугларчээ. Тэд хайртай эхнэртээ, охиндоо, найздаа, эгч болон дүүдээ баяр хүргэхээр догдолно. Гэр бүлээрээ өнгө өнгийн үндэсний дээл, хувцсаар ижилсэн, гоёсон нь хамгийн сайхан. Ам бүл нэмж, Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаасан гэр бүл гэдгийг нь харахад л андашгүй байлаа.
Зарим нь гэр бүл, ах дүү нараараа тойрон зогсч, оргилуун дарс тулгаж, баяр хүргэцгээх аж. Нийслэлийн төв талбай эх үрс, гэр бүлийн аз жаргалаар амьсгалж, одон зүүсэн ээжүүдээр гоёж эхэлсэн нь энэ. Хаашаа л харна хүүхдүүдийн инээд цангинаж, баярын нулимс унагасан дулаахан уур амьсгал талбайг нөмрөнө.
НУЛИМСТАЙ хонх
Ар араасаа цуварсан хонхны баярт нийслэл бялуурч байх шиг. Жил жилийн хаварт залуус маань цаанаа л нэг өнгөлөг харагддаг. Яагаад гэвэл тэдний төгсөлтийн баяр, дахин давтагдашгүй тэр л аз жаргалтай мөч ирж буй нь тэр. Амьдралын их далайд хөл тавихад үнэндээ хэдхэн сар үлдэж байгаа. Ингээд бодоход жавхаалаг залуустаа, хацар гоо охиддоо "Төгсөлтийн баярын мэнд" хэмээн мэндчилмээр санагдана. Хүсэл мөрөөдлөөр дүүрэн тэдний тэдний догдолсон сэтгэгдлийг хуваалцаж амжив.
Нийслэлийн 29-р сургуулийн12-р ангийн сурагч У.Энхмаа
Би зураглаач мэргэжлээр СУИС-д элсэн орно хэмээн зорьж байгаа. Энэ мэргэжлийг сонгосон шалтгаан гэвэл нэг талаас миний сонирхол, нөгөө талдаа миний онцлогт тохирсон мэргэжил гэж харж байгаа юм. Камертай ажиллах, дүрс эвлүүлэх гээд өдөр тутамдаа зураглаач хүн техниктэй харьцах нь элбэг болохоор сонсголын харилцаа харьцангуй бага байх болов уу.
Хэрвээ төлөвлөснийхөө дагуу энэ мэргэжлээрээ суралцаад ажлын байран дээр гарвал сонсголын бэрхшээлтэй хүмүүс дундаас анхны зураглаач мэргэжил эзэмшсэн хүн болох байх. Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй ч гэсэн хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгэж чадвал хүссэн мэргэжлээ эзэмшиж болно гэдгийг сургуулийнхаа дүү нарт харуулахыг хүсэж байна.
Сонголт ихтэй, сэтгэл баясгасан Номын баяр
Үндэсний номын баяраар олон сонирхолтой үйл ажиллагаа болно гэдгийг өмнө нь мэдээлсэн ч гэлээ, хүн хэлэхээс наашгүй юм хойно, нүдээр харж байж сэтгэл баяссан шүү. Тухайлбал, номын фэнүүдийн уулзалт, “Номын баяр-бидний аялал” автобустай аялал, асуулт хариултын тэмцээн, орон нутагт ном хандивлах аян, яруу найргийн уншлага гээд тал бүрт арга хэмжээ тасралтгүй 3 хоног үргэлжлээд дуусав. Биднийг очиход найман настай балчираас 80 настай буурай хүртэл өөрсдийн сонирхсон номын асрыг дүүргэсэн байлаа.
Нүдэнд туссан номын хавтаснаас гадна, номын хавчуурга, даавуун цүнх, олон янзын стикернүүд ёстой л янз янзаараа алаглаж байлаа. Энэ жилийн номын баяр сонголт ихтэй, сэтгэл баясгасан өдрүүд болж өнгөрлөө.
Эдгээр өдрийн онцлог нь “Алдарт эх”-ийн одон гардуулах ёслол, төгсөлтийн баяраараа зургаа татуулж буй охид залуус, мөн боловсролын зээлийн сангийн мэдээлэлтэй холбоотой иргэдийн тайван жагсаал давхацсан явдал. Одонгоо авах гэж гоёсон ээжүүд, ижил дээлээр гоёж ээжээ хүлээсэн бяцхан үрс, ханиа хүлээсэн нөхрүүд, хамаатан садан нь гээд Сүхбаатар жанжны талбай тэр чигээрээ олны хөлд дарагдаж, баяр хөөр, цэцэг инээдээр бялхсан өргөн дэлгэр өдрүүд болж өнгөрсөн байдаг юм. Төв талбайн баярын чимэглэл дунд хөөцөлдөн, нуугдаж тоглох багачуудын чимээ шуугиан тодорч, хосуудынгал халуун хүсэл дүүрэн ярилцан алхах нь их хотын амьдралд тод өнгийг нэмж байлаа.
Ц.Наранцацрал