Турк, Сирийн бүс нутагт өнгөрсөн сард 8.7 баллын хүчтэй газар хөдлөлт болж, нөхөж баршгүй гамшиг тохиолдсон билээ. Энэхүү гамшгийн улмаас хэдэн зуун барилга, байшин нурж, олон мянган хүн амиа алдсан билээ. Иймд Турк болон Сирийн гамшигт өртсөн хотуудад дэлхийн улс орнуудаас сайн дурын аврагчид очиж, ажиллах үеэр Монголын онцгой байдлын алба хаагчидтай хамт Туркийн Хатай хотод ажиллаж, нөхцөл байдлыг сурвалжлаад ирсэн гэрэл зурагчин Э.Ганзориг өчигдөр "Нуранги" хэмээх гэрэл зургийн үзэсгэлэнгээ Сүхбаатарын талбайд дэлгэв. Иймд үзэсгэлэнгээ олон түмэнд сонирхуулж буй IToim.mn сайтын гэрэл зурагчин Э.Ганзоригтой хэсэг хором ярилцлаа.
- Турк Улсад өрнөсөн газар хөдлөлтийн дараах үеийн дүр зургийг үзүүлэх "Нуранги" үзэсгэлэнгээ Төв талбайд дэлгэж байна. Яагаад заавал талбай дээр үзэсгэлэнгээ дэлгэхээр болов?
- Яахав галерей ч юм уу өөр газар үзэсгэлэнгээ дэлгэж болох байсан л даа. Гэхдээ зөвхөн сонирхсон хүмүүс л зорьж очно. Яагаад талбай дээр үзэсгэлэнгээ гаргасан бэ гэхээр хүн бүр ирээд үзээд, сонирхох боломжтой. Гудамжаар явж байгаа хүмүүс, талбай дээр тоглож байгаа хүүхдүүд гээд бүгдэд нь нээлттэй. Тиймээс Д.Сүхбаатарын талбай дээр үзэсгэлэнгээ гаргасан.
-Үзэсгэлэнд хэчнээн зураг дэлгэгдэв. Турк улсад байх хугацаандаа дарсан онцлох зургууд нь уу?
- Нийт 66 зургаар үзэсгэлэнгээ гаргасан. Гэрэл зурагчин хүний хувьд бүх зураг, бүх хальс үнэ цэнтэй байдаг. Тийм ч учраас Турк руу хөдлөхөөс эхлээд эргэж ирэх үеийн бүхий л цаг мөч, хором бүрийг эхнээс нь дуустал харуулсан гэрэл зургууд байгаа.
Ар гэрийнхнээ амьд гэсэн итгэл найдвар тээсэн тэр л харц, нурж сүйдсэн эсвэл буцаж ороход хэтэрхий эрсдэлтэй болсон барилга байшин, хэчнээн их тарчилсныг нь бодохоос гол гогдмоор цогцсууд...хэмээн сарнисан цагаан дэвсгэр дээр тодоос тод хараар тамгалжээ.
- Тэгвэл Турк улсад өнгөрүүлсэн хормынх нь талаар яриагаа үргэлжлүүлье. Монголоос Турк улс руу явсан аврах баг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй явсан бэ?
-Эрэн хайх, аврах багийн 35 албан хаагч, мөн орчуулагч, сэтгүүлч, зураглаачтай, нийт 41 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллагаанд явсан.
-Аврах ажиллагаанд явахаас өмнөх сэтгэгдэл болон бодит байдал ямар байсан бэ?
-Хүнд нөхцөлд очно гэдгээ мэдэж байлаа. Гэхдээ бодит байдал төсөөлснөөс бэрх, аймшигтай санагдсан шүү. Хамгийн хэцүү нь гадна уйлаад сууж байсан хүмүүс. Манай баг хоёр хуваагдаж ажилласан. Эхний хэсэг аврах ажиллагаанд, нөгөө хэсэг нь байрлах газраа бэлдэж байсан юм. Гэтэл аврах ажиллагаанд очсон бүлгийнхэн маань “Кинон дээрээс л харж байлаа” гэсээр орж ирсэн дээ. Тэр үед л хэцүүхэн газар ирснээ мэдэрсэн дээ.
Гэхдээ түүнээс хэцүү нь нурангид дарагдсан гэр бүлийнхнээ амьд гарч ирээсэй хэмээн залбиран хүлээж буй хүмүүсийн урдаас камер шагайх хамгийн хэцүү байлаа. Тэр үед "Миний сонгосон мэргэжил ийм учраас би ажлаа хийх хэрэгтэй. Энд байх хугацаандаа болсон бүх үйл явдлыг баримтжуулж, хадгалах ёстой" гээд л зургаа дарж байсан даа.
-Та нарыг очсоноос хойш газар хөдлөлт мэдрэгдсэн үү. Ер нь хэр их айдастай байсан бэ?
-Очсоноос хойш газар хөдлөлтийн чичирхийлэл байнга мэдрэгдэж байсан. Майхандаа унтаж байхад бас аврах ажиллагаа үргэлжилж байхад ч хүртэл чичирхийлсээр байсан. Гэхдээ аюулгүй газар байсан учраас тийм ч их айдастай байгаагүй ээ. Яахав байшингийн нурангид аврах ажиллагаа үргэлжилж байхад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэх нь тун эвгүй санагдаж байсан.
- Хэвлэл мэдээллийн гэрэл зурагчин болсон түүхээсээ манай уншигчдад хуваалцаач?
- Би чинь угтаа ШУТИС-ийг Уул, уурхайн инженер мэргэжлээр төгссөн хүн. Намайг ерөнхий боловсролын сургуулиа төгсдөг жил уул, уурхайн инженерийн мэргэжил хамгийн эрэлттэй байлаа. Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгсөн шалгалтын комиссоос “Эдгээр ангиас хүссэн ангиа сонго” гэсэн. Тэгээд мэргэжлээ бараг бүрэн ойлгоогүй л сургуульдаа элсэж байсан юм. Их сургуулиа төгсөхийн өмнөхөн манай найз гэрэл зураг сонирхож эхлээд, би дагаж явсаар дуртай болчихсон. Дараа нь Монголын үндэсний гэрэл зургийн тэнхимийн сургалтад сууж, инженерийн мэргэжлээсээ “урвасан” гэх үү дээ. Тэр цагаас хойш хэвлэл мэдээллийн салбартай амьдарлаа холбож, гэрэл зурагчнаар ажиллаад найман жил гаруй болсон байна.
- Хамгийн сүүлд нь Гэрэл зураг олон төрөлтэй шүү дээ. Тэндээс яагаад хэвлэлийн гэрэл зургийг сонгосон юм бэ?
- Надад анх гэрэл зураг заасан багш маань хэвлэлийн гэрэл зурагчин байсан. Тэгээд л энэ төрөл уруу намайг татсан гэх үү дээ. Ер нь хэвлэлийн гэрэл сонирхлыг минь татсан. Яг тэр мөчидхөн агшинд болж буй үйл явдлын эгзэгтэй мөчийг нь тааруулж, гэрэл зурагт буулгах сайхан байдаг.
- Ярилцсанд баярлалаа