Калифорнийн дижей Рэнди Уильямс дэлхийн бараг бүх орноор аялж үзсэн цөөн хүмүүсийн нэг болжээ. Тэрбээр дэлхийгээр аялахад 10 жил зарцуулсан бөгөөд хамгийн сүүлд очиж үзсэн улс нь Туркменистан болсон гэнэ. Энэ талаар Daily Mail мэдээлжээ.
Дундад Азийн энэ орон руу явах аялал нь удаан хугацаанд хойшлогдсон гэнэ. Учир нь Туркменистан цар тахлын улмаас дөрвөн жилийн хугацаанд жуулчдад хаалттай байсан юм. Түүнчлэн цар тахлын улмаас өөр орнууд руу аялахад ч хүндрэл гарч байсан аж. Тухайлбал, цар тахал эхэлснээс хойш Сири рүү нэвтрэх зөвшөөрөл авч чадсан хоёрхон хүний нэг нь Хэнди Уильямс болжээ.
Уильям НҮБ-д гишүүнээр элссэн дэлхийн 193 оронд төдийгүй Ватикан, Палестинд ч аялсан байна. Түүнчлэн Косово, Баруун Сахар, Тайвань зэрэг тусгаар тогтнол нь бүрэн хүлээн зөвшөөрөгдөөгүй орноор ч аялжээ. Энэ хугацаанд Уильямс монгол гэрт хонож, Брунейн хөвөгч тосгонд ч очиж үзсэн аж.
Аялагч Уильямс эрсдэлтэй, аюул ихтэй орнуудаар ч аялж байсан бөгөөд Сомалид аялахдаа сум үл нэвтрүүлдэг хуягласан машинаар үзэсгэлэнт газруудыг үзэж, Буркина-Фасод матран дээр сууж үзэх санал авсан ч татгалзаж явжээ. Тэрбээр Бразилд хамгийн удсан бөгөөд энд хоёр жил амьдарсан байна.
Өдгөө 46 настай Рэнди Уильямс дэлхийгээр аялж, улс орнуудын гайхамшгийг мэдрэхийн дээр өөрөө Слоужамистаны бүгд найрамдах улс гэгчийг байгуулсан гэнэ. Тэрбээр Сан-Диегогийн ойролцоо цөлд багахан газар худалдан авч, өөрийн гэсэн валют, далбаа, сүлд, албан ёсны цагдаагийн машин, дурсгалт газрууд бүхий "улс" байгуулжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |