Эверестийн оргил руу авирах уулчдын тоо сүүлийн үед нэмэгдэж байгаа энэ үед хэд хэдэн уулчин амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсэн байна.
Тавдугаар сарын 18-ны өдөр гарсан The Himalayan Times сонины мэдээллээр, Энэтхэгийн уулчин 59 настай эмэгтэй Сюзанна Леопольдина Хесус Эверестийн бааз дээр байхдаа өвдөж, Луклагийн эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас баржээ. Тэрбээр "ямар ч үнээр хамаагүй" оргилд хүрнэ хэмээж байсан бөгөөд бааз дээр зургаан өдөр өвдөж, түүнийг уулнаас бууж, эмнэлэгт очихыг зөвлөсөн ч татгалзаж, зүрхний аппараттайгаар оргил руу гарсан анхны ази эмэгтэй болохоор зүтгэж байсан гэнэ. Ингээд зургаан өдрийн дараа түүний бие эрс муудахад нисдэг тэргээр түүнийг зөөж, Лукла дахь эмнэлэгт хүргэсэн ч тэрбээр эмчилгээ авч чадалгүй нас баржээ.
Түүнчлэн ойрын өдрүүдэд уулчин Эверестэд осолдсон өөр нэг харамсалтай тохиолдол бүртгэгдсэн байна. Хятадын 52 настай уулчин Сюэбинь Чен Өмнөд оргилоос холгүйхэн амиа алджээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын уулчдын багт тэрээр багтаж байсан гэнэ.
Үүний зэрэгцээ хоёр уулчинд тусламж шаардлагатай байгаа талаар The Himalayan Times сонин мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Хятад, Монголын уулчин аюултай нөхцөлд орсон, тэднийг аюулгүйгээр уулнаас буулгахыг хичээж, аврах ажиллагаа явуулж байгаа аж.
Одоогоор аврах ажиллагаа ямар шатанд явагдаж байгаа болон Монголын уулчинтай холбоотой тодорхой мэдээлэл гараагүй байна.
Г.Бямбасүрэн