Оросын Ерөнхийлөгч Путин өөрийг нь орлодог хэд хэдэн хүнтэй, тэдгээр хүмүүс төрөл бүрийн арга хэмжээнд оролцох зуур Путин бункертээ эсвэл хаа нэг газар нуугдаж байдаг гэсэн яриа байнга гарсаар ирсэн бөгөөд Украинд дайн эхэлснээс хойш ийм яриа улам газар авсан юм. Энэ бүх мэдээллийг Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Песков няцаажээ. Ийм мэдээллийг ганцхан Орос ч биш аль ч орон няцаах нь гарцаагүй, төрийн өндөр албан тушаалтны аюулгүй байдалтай холбоотой асуудал тул нууцлахаас ч аргагүй. Песков Путинтэй холбоотой мэдээллүүдийг хэрхэн няцаасан талаар "Газета" сониноос авсан эх сурвалжтайгаар хүргэж байна.
Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Песков хэвлэлд ярилцлага өгөхдөө Владимир Путин өөрийнх нь оронд арга хэмжээнүүдэд оролцдог "ихрүүд"-тэй, өөрөө аюулгүй байдлаа бодолцон эсвэл эрүүл мэндийн шалтгааны улмаас бункерээс гардаггүй гэсэн мэдээллийг няцаажээ.
"Путин бункертээ сууж байхад түүний өмнөөс ажилладаг олон "ихэр" Путинд байдаг гэсэн яриа та нар сонссон л байлгүй. Энэ бол худал" хэмээн Дмитрий Песков өгүүлжээ.
Мөн Путиний биеийн байдал нэн сайн байгаа, бүхнийг амжуулдаг, эрчтэй ажилладгийг онцлоод, биеийн эрүүл мэнд муудсан гэдгийг няцаасан байна.
"Түүнтэй хамт ажилладаг хүмүүс түүнийг арай ядан л гүйцдэг" хэмээгээд Путиний эрч хүчинд "атаархмаар" хэмээн Песков өгүүлжээ. Мөн "түүн шиг эрүүл чийрэг байхыг хэн ч хүснэ. Хэзээ ч бункерт сууж байгаагүй" хэмээсэн байна.
Оросын Ерөнхийлөгч эрүүл чийрэг биетэйн дээр өөрт нь шинэлэг байх сэдвүүдийг маш хурдан мэдэж авдаг онцгой чадвартай гэнэ.
"Тэр шинэ мэдлэг эзэмших хосгүй чадвартай. Өөрөө шинжээчийн хэмжээний мэдлэг мэдээлэлгүй салбарынхаа мэдлэгийг ч маш амархан олж авдаг" хэмээн Дмитрий Песков өгүүлсэн байн.а.
"Оросын эдийн засаг сүйрээгүй"
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Оросын эдийн засаг хориг арга хэмжээний улмаас сүйрсэн гэж мэдэгдсэнийг Песков мөн л "худал" хэмээсэн байна. Барууны орнуудын төрийн тэргүүнүүд хориг арга хэмжээ болон түүнээс үүдэлтэй үр дагаврыг амсаж байгаа иргэдээ тайвшруулахын тулд л ийм яриа гаргаж байгаа гэж Песков үзэж байгаа аж.
"Хориг арга хэмжээ үйлчилж, Орос нугарч, Оросын эдийн засаг сүйрсэн гэдэг нь туйлын худал яриа" хэмээн Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга өгүүлсэн байна.
Түүнчлэн сүүлийн нэг жилийн хугацаанд гадаадын 1404 компанийн ердөө 120 нь л Оросоос гарсан гэж онцолжээ.
"Өнөөдрийн байдлаар манайхаас 120 компани л гарсан байна<...> Үлдсэн нь энд байна, хаашаа ч явахыг хүсэхгүй байгаа. Манайхаас гарсан нь ч эргэж ирэхийг хүсэж байгаа" хэмээн Песков мэдэгджээ.
Цагаачлал
Дмитрий Песков хэвлэлд ярилцлага өгөхдөө Орос дайн эхлүүлсний дараа болон дайчилгаа зарласны дараа оросууд олноор эх орноосоо явсан сэдвийг ч хөндсөн байна. Дайн эхэлсний дараа, тэр дундаа 2022 оны есдүгээр сард дайчилгаа зарласны дараа Оросын эрчүүд голчлон хөрш зэргэлдээх орнуудыг олноороо зорьж, тийз олдохоо больж, тасалбар, тийзний үнэ хэд дахин нэмэгдэж, агаарын тээврээр өөр орныг зорих боломжгүй хүмүүс нь хуурай замын хилээр хил нэвтрэхээр хэдэн километр үргэлжилсэн дараалал үүсгэж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байв. Тухайн үед Орос, Монголын хил болох Хиагт-Алтанбулагийн хил дээр ч Оросын талаас Монголыг зорьсон иргэд хэдэн өдрөөр хонон өнжин дугаарлаж байсан юм. Харин ийнхүү иргэд олноор гадаад орныг зорьсон гэсэн мэдээллийг Песков мөн л няцаажээ.
"Би бодит тоог хөөсрүүлэх дургүй, асар олон хүн явсан гэж ярьдаг. Энэ нь худал гэдгийг би сайн мэднэ" хэмээн Песков мэдэгдээд "бусад орноос илүү эх оронд нь илүү их боломжийг өгөхийн тулд" гадаадыг зорьсон иргэдээ эргүүлэн авчрах сонирхолтой байгаа хэмээн онцолжээ.
Энд дуулгахад, 2022 онд визийн хязгаарлалт болон хил хаасны улмаас Оросын иргэд барууны орнууд руу биш Закавказ, Төв Ази, Монгол руу олноор явсан юм. Дайн эхэлсний дараахан буюу 2022 оны гуравдугаар сарын наймны байдлаар Оросоос 200 мянган хүн явсан гэсэн мэдээлэл гарч байсан бол дайчилгаа зарласны дараа 261 мянган эр Оросыг орхин явжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |