Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад 2023 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда, гэргий Агата Корнхаузер-Дуда нарыг жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа.
Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Төрийн тэргүүн нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа Ерөнхийлөгч Анджей Дуда Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэг, БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда, гэргий Агата Корнхаузер-Дуда нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын зурав. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда, гэргий Агата Корнхаузер-Дуда нар товч уулзалт хийв.