Загварын 7 хоногоор брэндүүдийн шинэ коллекциудаас гадна олны анхаарлыг татдаг нэгэн зүйл бол шоунд хүрэлцэн ирж буй зочдын хувцаслалт байдаг. Эндээс л жинхэнэ халуухан трендүүд болон хүмүүсийн өөрсдийн гэсэн хэв маяг, ахин давтагдашгүй хувцаслалтыг харж болно. Хувцасны шүүгээгээ шинэчлэхийг хүсэж буй эрчүүддээ зориулан 2023 онд тренд загваруудыг салбарын мэргэжилтнүүд танилцууллаа.
Бомбер
Хавар-зун 2023 цуглуулгад түгээмэл харагдсан эхний загвар бол бомбер юм. Моданаас гарсан гэх шалтгаанаар шүүгээнийхээ мухар луу шилжүүлсэн бол буцаад гаргаж ирэх цаг нь иржээ. Учир нь бомберийг илүү олон загвараар хийж, хавар болон зуны орой өмсөхөд илүү тохиромжтой байдлаар урлах болжээ. Иймд ямар ч хувцсанд зохимжтой хэмээн үзэж залуусын дунд эргэн тренд болоод буй.
Өргөн өмд
Энэ хавар зуны загварт өргөн өмд тренд болж байна. Эрчүүдэд аль болох биед эвтэйхэн хэр нь загварлаг харагдах загварыг бүрдүүлж байгаа учраас загварын салбарт ноёрхож эхэллээ. Харин эрчүүддээ урин дулаан зуны улирал ирж буй энэ үед хөлрөхөөс сэргийлдэг, салхи чөлөөтэй нэвтрүүлдэг зотон материалыг сонгохыг зөвлөж байна.
Шортон загварууд
Дулаан улирал эрчүүдийн хувьд шортгүйгээр төсөөлөшгүй. Шортыг зөвхөн урт богино гэсэн загварыг халж илүү олон төрлийн хэв маягаар дагнан хувцаслах болжээ.
Захгүй сорочка
Битүү энгэртэй нэхмэл цамцнаас анх санаа авч захгүй сорочкаг бүтээсэн байдаг. Хөвөн даавуун захгүй сорочка нь ажил хэрэгч, чөлөөт хувцаслалтын аль алинд гайхалтай зохицно.
Дизайнеруудын сонголт /МИНИМАЛ ХУВЦАСЛАЛТ/
Дэлхийн шилдэг тогоочид гэртээ хариад хамгийн энгийн ба амархан хоол хийдэг шиг дизайнерууд ч бас өдөр тутмын амьдралдаа ихэвчлэн маш энгийн хэв маягаар хувцаслахыг эрмэлздэг. Загварын ертөнцийн домогт дизайнерууд хүртэл ердөө л жийнс ба футболк өмсөж, загварын тайзнаа зочидтойгоо мэндлэх гэж гардаг. Бид Александр Ванг, Жил Сандер, Майкл Корс, Марк Жейкобс, Рикардо Тиши гэх зэрэг алдарт дизайнерууд хамгийн сүүлийн цуглуулга дахь хаалтын төрхийг ажиглатал тэд арьсан материалтай энгийн цагаан, аль эсвэл ямар нэгэн анхаарал татам детальгүй хар кет сонгосон байлаа.
Ц.Наранцацрал