Пентагоны нууц мэдээллүүд олон нийтийн сүлжээнд тархаж, ихээхэн дуулиан дэгдээгээд байгаа. Эдгээр мэдээлэл дунд, Египет Орос руу 40 мянга орчим пуужин нууцаар илгээх гэж байсан тухай мэдээлэл байсан гэж Washington Post сонин бичжээ.
"Нийтэд ил болсон мэдээлэл дунд Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси Орос руу илгээхийн тулд 40 орчим мянган пуужин бэлтгэхийг холбогдох хүмүүст тушаасан гэсэн мэдээлэл багтаж байна" хэмээн WP сонины нийтлэлд өгүүлжээ. Түүнчлэн Египет Орост артиллерийн сум болон тэсрэх бодис нийлүүлэх тал дээр туслахаар зэхэж байсан, барууныхантай асуудал үүсгэхгүйн тулд зэвсэг үйлдвэрлэх болон нийлүүлэх ажлыг чандлан нууцлахыг Ерөнхийлөгч нь үүрэгдсэн гэдгийг эх сурвалж онцолсон байна.
Энд дуулгахад, өнгөрсөн долоо хоногт Америкийн тагнуулынхны нууц мэдээлэл гэгдэх баримт бичгүүд олон нийтийн сүлжээгээр тархсан юм. Энэ асуудлыг мөрдөн шалгах ажлыг АНУ-д эхлүүлсэн бол Япон, Өмнөд Солонгос зэрэг улс эдгээр нууц гэгдэх баримт бичиг нь хуурамч байж болзошгүй гэдгээ илэрхийлж байв. Нууц баримт бичгүүдэд Украины сөрөх давшилтын төлөвлөгөө ч багтаж байсан бөгөөд мэдээлэл ил болсны дараа Украин давшилтын төлөвлөгөөгөө өөрчилсөн гэсэн мэдээлэл гарч байлаа.
Г.Бямбасүрэн