Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүх Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийг баривчлах шийдвэр гаргасан юм. Энэ шийдвэр хэрэгжих боломжтой эсэх талаар ВВС агентлаг Копенгагены их сургуулийн олон улсын эрхзүйн шинжээчид болох Глеб Богуш болон Кевин Йон Хеллер нараас тодруулсныг товчлон хүргэж байна.
Олон улсын эрүүгийн шүүхээс гаргасан, Путинийг баривчлах тухай шийдвэр Оросын Ерөнхийлөгчийн хүчин төгөлдөр халдашгүй эрхтэй зөрчилдөх үү?
Эрхзүйн үүднээс, Олон улсын эрүүгийн шүүх баривчлах тухай шийдвэр гаргахад ямар ч саад бэрхшээл үгүй. Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орнууд энэ шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Гишүүн орнуудын нутаг дэвсгэр дээр Путин очвол тэд түүнийг баривчилж, шүүхэд хүлээлгэн өгөх үүрэгтэй юм. Гэхдээ хууль ёсны үүрэг нэг өөр, харин бодит алхам ч бас өөр байж болох юм.
Олон улсын харилцаан хүрээнд төрийн тэргүүнд тусгайлсан халдашгүй эрх байдаг. Ингэснээр төрийн тэргүүн албан тушаалдаа байгаа үед түүнийг өөр орон баривчлах эрхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл Путинийг баривчлах нь цаг хугацааны асуудал, харин одоогоор Олон улсын эрүүгийн шүүхийг шийдвэрийг хэрэгжүүлэх боломжтой гэдэг нь юу л бол.
Нэг талаас Олон улсын эрүүгийн шүүхийн өмнө хариуцлага хүлээсэн, нөгөө талаас төрийн тэргүүний халдашгүй эрхийг хангах ёстой улс оронд төрийн тэргүүний албыг хашиж байгаа этгээд очвол тухайн орны эрх баригчид юу хийх ёстой вэ?
Энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй. Олон улсын эрүүгийн шүүхээс баривчлах тухай тогтоол нь гарсан ч төрийн тэргүүний алба хашимж байгаа этгээдийг баривчлан, шүүхэд хүлээлгэж өгсөн тохиолдол гарч байгаагүй. Гэхдээ, сэжигтнүүд Олон улсын эрүүгийн шүүхийн өмнө сайн дураар очсон хоёр тохиолдол бий. Энэ бол Кенийн Ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч.
Тиймээс, Путин эсвэл өөр нэг сэжигтэнд шүүхэд сайн дураар очих боломж л үлдэж байгаа юм. Путинийг баривчласнаас тэр өөрөө очно гэдэг нь арай илүү магадлалтай болов уу.
Тэгэхээр, Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн оронд болж байгаа олон улсын форумд Путин очлоо гэхэд тухайн орны эрх баригчид түүнийг баривчлахгүй гэсэн үг үү?
Үүнийг тухайн орон өөрөө л шийднэ. Олон улсын эрүүгийн шүүхийг хүлээн зөвшөөрдөг Ромын дүрмийн гишүүд Гаагийн шүүхийн шийдвэрийг биелүүлж, сэжигтнийг баривчлан, шүүхэд хүлээлгэн өгөх ёстой. Гэхдээ Олон улсын эрүүгийн шүүх аливаа гишүүн орноо үүргээ биелүүлэхийг шаардаж, шахах боломжгүй байдаг.
Путиний хувьд эрсдэл бий, учир нь улс орнууд Олон улсын эрүүгийн шүүхээс гаргасан баривчлах шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэхдээ энд нэг жишээ татъя. Арав гаруй жилийн өмнө Олон улсын эрүүгийн шүүх Суданы тухайн үеийн ерөнхийлөгч Омар аль-Баширыг олон хүний амь насыг хөнөөсөн хэрэгт буруутган баривчлах шийдвэр гаргасан. Харин тэрбээр Ромын дүрмийн гишүүн орнуудад болсон төрөл бүрийн арга хэмжээнд оролцоод явж байсан ч аль ч орон түүнийг баривчлаагүй юм.
Тиймээс, Путинийг баривчилна гэдэг юу л бол. Мөн тэр өөрөө ч Ромын дүрмийн гишүүн орнууд руу явахгүй л болов уу? Ер нь бол Ромын дүрмийн гишүүн орнуудын эрх баригчид Олон улсын эрүүгийн шүүхтэй хамтран ажиллах үүрэгтэй.
Тэгвэл Олон улсын эрүүгийн шүүх ийм шийдвэр гаргасны ач холбогдол нь юу юм бэ?
Олон улсын эрүүгийн шүүх ийм шийдвэр гаргасан нь Путинийг хэрэгтний сандалд суулгах боломжтой гэдэгт биш харин шийдвэрийн бэлгэдэлд учир нь байгаа юм. Ойрын үед Путинийг баривчлан саатуулах магадлал тун бага.
Тэр "нөхөрсөг орнууд"-аараа зочлоход түүнийг тухайн орны эрх баригчид барьж, Олон улсын шүүхэд хүлээлгэж өгөхгүй. Гэхдээ ийм шийдвэр гарснаар Путин дэлхийн улс орнуудаар явахад улам хүндрэлтэй болно гэсэн үг.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |