ОХУ-ын иргэн Баатар (Батын Боромангнаев) паспортын хугацаа дууссан хойно Казахстанаас ирсэн нислэгээр Улаанбаатарт газардсаны улмаас Монголын хилийн албаныхан түүнийг Монгол руу нэвтрүүлээгүй юм. Олон нийт энэ асуудал дээр өөр өөр байр суурьтай хандаж, нэг хэсэг нь "төрөл угсаа нэгтээ хүнээ дайнаас зугтаж явахад нь Монгол Улс хүлээж авч, орогнол олгох ёстой" гэж үзэж байсан бол нөгөө хэсэг нь "Монгол Улс хууль журам, тэр хуулиа баримтлах ёстой" гэсэн байр суурь илэрхийлж байлаа.
Ойрад-халимаг түмний конгрессын тэргүүн Б.Баатар Чингис хаан олон улсын нисэх буудалд олон хонож байгаа талаараа Фейсбүүк хуудсандаа оруулснаар түүний асуудал олонд хүрсэн юм. Ингээд манай улсын талаас хүний эрхийг хамгаалагчид, олон улсын байгууллагууд, Гадаад хэргийн яам зэрэг хувь хүн, байгууллагууд хамтран ажилласны дүнд Баатарыг өөрийнх нь хүсэлтээр АНУ руу шилжүүлсэн. Тэрбээр АНУ-д очсоныхоо дараа Халимагийн сэтгүүлч Анжела Калсыноватай холбогдож, Юүтүб сувагт нь ярилцлага өгчээ.
"Монгол руу паспортын хугацаа дуусчихсан байхдаа орсон. Тиймээс хилийн албаныхан намайг саатуулсан юм. Мэдээж тэд Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөж ажилласан. Гэхдээ Монгол Улсад угсаа нэгтнүүдээ хүлээн авах тусгай журам байх ёстой. Гэтэл ийм журам байгаагүй. Энэ нь орчин цагийн Монголын төрийн том дутагдал " хэмээн тэрбээр шүүмжилсэн байна.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, НҮБ-ын Дүрвэгчдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар болон бусад хувь хүн, төрийн бус байгууллагууд өөрийг нь АНУ руу явахад ихээхэн туслалцаа үзүүлснийг онцлоод талархал илэрхийлжээ.
ОХУ-ын иргэн, Халимагийн сөрөг хүчний төлөөлөгч Б.Баатар (Боромангнаев Батыр Батырович) Оросын паспортын хугацаа нь дууссан шалтгаанаар Монгол Улс руу нэвтрэх боломжгүй, Чингис хаан олон улсын нисэх буудалд тав хоносон гэсэн мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд ороод байлаа. Түүний паспортын хугацаа нь дууссан тул ирсэн газар руу нь буцаах журамтай тул Казахстан руу нисэх онгоцонд суулгах гэсэн ч тэрбээр Монголд үлдэхийг хүсэж, орогнол хүссэн гэсэн мэдээлэл гарч байсан юм. Халимагийн Ойрд, монгол түмний конгресс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан Баатарын асуудлыг шийдэх хүсэлт гаргаж байв. Улмаар Монгол Улсын холбогдох байгууллагууд, олон улсын байгууллагууд хамтран түүнийг өөрийнх нь хүссэн орон руу явуулсан гэсэн мэдээлэл гарч байсан юм.
Г.Бямбасүрэн