Хоёрдугаар сарын зургаанд Туркэд хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон мянган хүн амиа алдаж, байшин барилгууд нурсан. Энэ эмгэнэлт хэргийн дараа Туркийн эрх баригчид чанаргүй барилга барьсан гүйцэтгэгчдийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэж эхэлсэн юм.
Өнөөдрийн байдлаар 600 гаруй хүнийг газар хөдлөлтөөр нурсан барилгын хэрэгтэй холбоотойгоор шалгаж байгаа бол барилгын гүйцэтгэгч, үл хөдлөх хөрөнгийн эзэд гээд нийт 188 хүнийг баривчилсан талаар ВВС мэдээлсэн байна. Тэдний дунд, газар хөдлөлтийн чичирхийлэлтээс холгүй орших нэгэн хотын дарга байгаа талаар Туркийн хэвлэлүүд мэдээлжээ.
Туркэд газар хөдөлсний дараа 160 мянга гаруй барилга нурсан бөгөөд байгалийн гамшгийн хор уршиг нэмэгдэхэд хүний алдаа нөлөөлсөн эсэхийг шалгах шаардлагатай байгаа тул ийнхүү олон хүнийг байцааж, баривчилж байгаа аж.
Сөрөг хүчнийхэн болон барилгын салбарын зарим шинжээчид барилгын норм дүрмийг баримтлаагүй, сүйрлийн төлөө хүлээх хариуцлагаас зугтаж байгаад Эрдоганы засгийн газрыг буруутгаж байгаа юм. Барилгын ажлыг эрчимжүүлэхийн тулд барилгын норм дүрмийг баримтлаагүй гүйцэтгэгчдэд өршөөл үзүүлсэн нь өнөөгийн үр дагаврыг бий болгосон гэж шүүмжилж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |