Өвлийг өнтэй давж, урин цагийг угтаж буйгаа тэмдэглэдэг, Монгол үндэстний уламжлалт сар шинийн баяр тохиож байна. Ард түмний эв нэгдэл, үндэсний өв уламжлал, түүх соёл, зан заншлын илэрхийлэл болсон цагаан сарын баярыг бид жил болгон өргөн дэлгэр тэмдэглэдэг билээ. Сүүлийн жилүүдэд цагаан сарын баярыг залуус тэмдэглэдэггүй, ёс төдий өнгөрөөдөг болсон гэх үзэл бодолтой хүмүүс их болжээ. Харин өнөөдрийн нийтлэлдээ бид залуучуудыг урьж, цагаан сарын талаарх санаа бодол, энэ жил хэрхэн тэмдэглэх гэж буйг асууснаа уламжилж байна.
Л.Амаржаргал
Намайг бага байхад өвөөгийн маань ахан дүүс жил бүр ресторанд цуглаж золголтоо хийдэг байсан юм. Түүнийг нь “нийллэг” гэж нэрийдэх ба, ах дүүс нь нэг нэг жилээр ээлжлэн зохион байгуулдаг байлаа. Энэ нийллэгийн үеэр ах дүү таваас салаалан ургасан төрөл садангууд нэг дор цуглах нь яагаад ч цаанаасаа сүрдэм хэр нь сэтгэл хөдөлгөм мэдрэмж төрүүлдэг байсан юм. Бид чинь ийм олуулаа юм уу гэж уулга алдам их хүн их цугладаг байлаа.
Нийллэг өвөө болон өвөөгийн ах хоёрын золголтоор эхэлж, найрын дуу, хүүхдүүдийн тоглоом наадгайгаар үргэлжлэн, балчир бидэнд бэлэг тарааж дууссанаар өндөрлөнө. Би чинь гэртээ хайрцаг дүүрэн бэлэгтэй орж, энийг тэр өвөөгийнх, энийг тэр эмээгийнх өгсөн гэж аав ээждээ гайхуулаад л. Жил бүр шинийн нэгэнд ямар газар орох бол ? Энэ жил хэнийх хийж байгаа билээ? Хэнийх юу өгөх бол гэж баахан бодол болно. Аавын ах дүү нар өвөөгийнд цуглаж байгаад нийллэг рүүгээ явна. Надад тэр машины цуваа, золголтын цуваа хоёр их л сүржин санагддаг байсан юм.
Энэ мэтээр ах дүү тавын их золголт хэдхэн жил л үргэлжилсэн юм. Бага байхдаа дандаа л болж байх зүйл шиг боддог байсан ч нэг л жил нийллэгийг эхлүүлэх золголтын эзэд үгүй болсон байв.
Багадаа ийм ач холбогдолтой сэтгэл догдлом тэмдэглэж ирсэн баяраа жил бүр л сайн сайхан тэмдэглэж өнгөрөөхийг хүсдэг дээ.
Ү.Ундрамжингоо
Манай гэр бүл цагаан сарын баярыг их хүндэтгэж бас хүлээдэг баяруудын нэг. Учир нь жилдээ ганц энэ баяраар хотол олон, хамаатан садан, ах дүүсээрээ цугларч ахмад буурлуудтайгаа золгож, тэднийхээ амар мэндийг мэдэж, тухайн жилд болсон сонин сайхан үйл явдлууд, ирэх жилдээ төлөвлөж буй ажлуудаа ярилцаж олуулаа бужигнаж өнгөрөөдөг нь сайхан байдаг. Энэ жилийн ширээ ирэх жилийн өнгийг илтгэдэг, идээ ундаа элбэг дэлбэг байх хэрэгтэй гэж ахмадууд хэлдэг.
Орчин үед залуу гэр бүлүүд баярын ширээгээ их минимал засахыг зорьдог болцгоож. Зөвхөн өнгө үзэмж бус цагаан сарын баярын өв соёл, утга учир, зан заншлыг / золгох ёсон, таваг засах, тоглоом наадгайн соёл, алаг мэлхий өрөх г.м/ алдагдуулалгүй өв соёлоо ирээдүйд үлдэх үр хүүхдүүддээ маш сайн тайлбарлаж өвлүүлж үлдээдэг байгаасай гэж хүсдэг.
Цагаан сарын ач холбогдол нь ердөөсөө л ахмадуудынхаа амар мэндийг мэдэх, ах дүүсээрээ цугларч нэг нэгэнтэйгээ илүү дотносож, үр хүүхдүүддээ соёлоо өвлүүлж үлдээх, ахмад буурлуудаа илүү хайрлах л юм уу даа. Илүү олон олон жил биднийхээ хажууд байж алтан сургаалаа хайрлаж зааж чиглүүлээсэй л гэж хүсдэг дээ.
Өмнөх хоёр жил коронавирус цар тахлын улмаас цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэж чадаагүй. Харин үзэсгэлэнт хэмээх “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин усан туулай жилдээ өргөн дэлгэр сайхан тэмдэглэх гэж байгаадаа маш их баяртай байгаа. Та бүхэн минь ч гэсэн эдгээр сайхан өдрүүдэд гэр бүл, хамаатан садан хайртай дотнын хүмүүстэйгээ сайхан шинэлээрэй.
Ц.Билгүүн
Манайх ам бүл дөрвүүлээ. Ээж эмээ дүүгийн хамт амьдардаг. Би СУИС төгсөөд хотод ажилд ороод ганцаараа амьдарч эхэлсэн. Манайх Дархан-Уул хотод байдаг юм. Тийм болохоор ажлын хажуугаар байнга хариад байж чаддаггүй. Харин баярын өдрүүдээр л гэртээ харьдаг. Баяр баярын дундаас цагаан сараар харих нь үнэхээр сайхан байдаг. Бага байхаасаа л цагаан сарын баярыг хоног тоолон хүлээдэг байлаа. Яагаад гэвэл хамаатан садан гэр бүлийнхэнтэйгээ уулзаад инээлдээд л амны билгээс ашдын бэлгэ гэдэг шиг сайн сайхан зүйлсийг яриад суух амар амглан цаанаа л гоё байдаг.
Гэрийн том эрэгтэй нь болохоор шинийн нэгний өглөө эртлэн босож нар мандахаас өмнө ууланд гарч нар хардаг. Дараа нь ирээд эмээ ээжтэйгээ золгосноор цагаан сар маань эхлэдэг дээ.
Цагаан сараар хүн бүр үндэсний шинэ хувцас, нандин эдлэл болгоноо гарган хэрэглэж, үгийн сайныг тунгааж, эвийн сайныг шүүж, сайн сайхан, бэлгэ дэмбэрэлтэй юм ярьж, элдэв муу үг хэлэх, хэрэлдэхийг цээрлэдэг. Гаднаас орж ирсэн хүн эхэлж мэндчилж нэр усаа хэлж, хүний нэрийг бүтнээр нь дуудах агаад үг хэл яриандаа цэгцтэй байж цэвэр сайхан ярьж бусдын яриаг таслалгүй сонсох ба тэр үеэр өөр зүйлд анхаарал хандуулах нь зохисгүй. Гэрийн эзэн хариу мэндчилж зочин хаана суухыг зааж өгнө. Идээ будаанд гэрийн хүмүүс зөвшөөрсний дараа хүрч, ярих сэдвээ, хэлэх үгээ зөв сонгож, хүний сэтгэлд нийцэм тод сайхан ярьж бай, үгээ бүү ид гэж хөгшчүүд маань миний багад сургадаг байв.
Б.Азжаргал
Сүүлийн жилүүдэд цагаан сарын баярыг тэмдэглэх хүмүүс жилээс жилд цөөрч байна. Ихэнх хүмүүс хэт их мөнгө зарлагддаг гэдэг ч юм уу эсвэл дөнгөж гэр бүл болж буй залуу хосуудад санхүүгийн ачаалал авчирдаг гэдгээс үүдээд цагаан сарын баяр маань их муу нэртэй болж энэ сайхан баярыг тэмдэглэх хүмүүсийн тоо өдрөөс өдөрт цөөрч байгааг залуу хүний нүдээр харахаар их харамсалтай санагддаг.
Уул шугамдаа цагаан сарын баяр маань өвлийг өнтэй сайхан давж, хавартай хавтай сайхан золгож нас нэгээр нэмсний баяр юм. Мэдээж ард түмний эв нэгдэл, үндэсний өв уламжлал, соёл, зан заншлаараа бахархах, аав, ээж, ихэс дээдэс, бие биесээ хүндэтгэх, ураг садны хэлхээ холбоо батжих, овог удам судраа мэдэх, залуу үеэ энэрэн сургаалаа хайрлах, хийморь лундаагаа сэргээж, буян хурааж шинэлдэг олон ёс заншлыг хадгалсан баяр юм.
Гадаадын соёл хүчтэй түрэн орж ирж буй энэ цаг үед эртнээс уламжлагдсан энэхүү сайхан гэр бүлийн баярыг миний үеийн залуучууд болон дүү нар маань эс хүндлэлгүйгээр өөрт минь зориулж бэлэг бэлдээд бууз хөлдөөж байгаа хамаатан садан ээж аавыгаа хайрлаад чинь сэтгэлээсээ тэмдэглээсэй гэж ихэд хүсдэг. За тэгээд Сар шиндээ сайхан шинэлээрэй.
Б.Төгстөмөр
Миний хувьд хүүхэд насны минь цагаан сарын баяр их сайхан дурсамжтай санагддаг. Одоогоор гэр бүлээсээ хол явж, байнга л ажил төрөл гэсээр байгаад зөвхөн сар шинийн баяраар л ойр дотны хүмүүстэйгээ золгож мэнд мэдэлцэж тухтай уулзах боломж олддог.
Хараад байхад залуучууд энэ баярт нэг нэгэнтэйгээ эд зүйлсээрээ өрсөлдөж, бусдаас илүү гарах гэсэн үзэл нь энэхүү сар шинийн баярын гол утга учрыг алдагдуулаад байгаа юм шиг санагддаг. Үүн дээр нэмээд мэдээж миний үеийн залуу гэр бүлүүд сар шинийн баяр тэмдэглэхэд санхүүгийн хувьд хүнд тусаж байгаа нь нийгэм эдийн засгийн цаг үеийн байдал гэх мэт олон хүчин зүйлстэй салшгүй холбоотой.
Сар шинийн баярыг яагаад чухал гэж авч үздэг шалтгаан минь бол өөрийн гэр бүл дотны хүмүүстэйгээ жил бүр уулзаж мэнд мэдэлцэж бие биеэ угтаж авч, дайлж сайн сайхныг хүсдэг нь маш их таалагддаг. Жишээлбэл энэхүү баярыг тэмдэглэдэггүй улс үндэстнүүд ойр дотны хүмүүстэйгээ олон жил уулзалдахгүй учраас нэгнээ мартаж, ураг саднаа мэдэхгүй танихгүй байх тохиолдлууд байдаг. Ийм учраас миний үеийн залуучууд болон ах дүү нартаа гэж хэлэхэд цаг үе эдийн засгийн байдлыг үл хамааран заавал өндөр өртөгтэй их хэмжээний зарлага гаргалгүйгээр гэр бүл, ойр дотны хүмүүстэйгээ уулзаж сайн сайхныг билэгшээж энэхүү баярын гол утга учрыг ойлгож тэмдэглээсэй хэмээн хүсэж байна.