Хөгжлийн банкны зээлдэгчдийн нотлох баримтын сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тус банкийг хянах шалгах УИХ-ын түр хорооны гишүүд зээлийн мэдээлэл, эргэн төлөлт, зарцуулалтад хийсэн шинжээчийн дүгнэлтэд үндэслэн асуулт асууж, гэрчүүдээс хариулт авч байна.
Өчигдрийн сонсголд үзэгдээд гарсан УИХ-ын гишүүн Д.Ганбат өнөөдрийн хурлын дундуур орж ирэн, улстөржсөн асуулт асууж, хурал даргалагчаас сануулга авсан. Тэгвэл дөнгөж сая тэрбээр хурлыг хаяж байгаагаа мэдэгдэв. Энэ тухай УИХ-ын гишүүн Д.Ганбат “Намайг орж ирэхгүй, суухгүй байна гэж байна. Боломж өгөхгүй болохоор би гараад явчихаад байгаа. Нэг намаас олонх байгаа үед ийм байдаг юм байна. Та нар маань ажлаа сайн хий, энэ сонсгол хэрэгтэй. Анхных гэдэг утгаараа алдаатай, оноотой байгаа байх.
Цөөнхийн бүлэг, сөрөг хүчний гишүүд асуух гэхээр амыг нь таглаад байна. 2012-2016 онд болсон явдалд би өөрийгөө ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна. Учир нь тэр үед УИХ-ын гишүүн байсан. 2016 оноос өнөөдрийг хүртэлх үйл явдалд МАН-ын УИХ-ын гишүүд ашиг сонирхлын зөрчилтэй шүү. Болоогүй төсөл болгоны ард улстөрчид байгаа. Тавилттай болох гээд байна шүү, үүнийгээ анхаараарай. Цаашид хуралд сууж чадахгүй” хэмээн мэдэгдэв.
Тэрбээр ингэж хурлыг орхихоо мэдэгдсэн ч гарсангүй, үргэлжлүүлэн сууж байна.
Уншиж байна |