Орос, Украины хооронд хэлэлцээ сэргэвэл шууд, зуучлагчгүйгээр хэлэлцвэл хамгийн зөв хувилбар болох гэнэ. Ийм байр суурийг ОХУ-ын Гадаад хэргийн яамны Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын хоёрдугаар газрын захирал Алексей Полищук ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа илэрхийлжээ.
Түүний үзэж байгаагаар, хэлэлцээрт зуучлагчид оролцвол тэд өөрсдийн ашиг сонирхлын үүднээс хандаж, хэлэлцээрийн явцад нөлөөлж болзошгүй гэнэ.
"Шууд хэлэлцээ нь шилдэг хувилбар болно, учир нь практикаас харахад барууны зуучлагчид өөрсдийн зорилгод хөтлөгдөж, сөргөлдөөнийг зохицуулах биш харин улс төр, эдийн засгийн ашиг сонирхлынхоо үүднээс хэлэлцээрийн явцад нөлөөлөх гэж оролддог" хэмээн Алексей Полищук мэдэгджээ.
Түүнчлэн, хоёр орны хооронд хэлэлцээ сэргэвэл шинэ бүс нутгууд Оросын бүрэлдэхүүнд багтсан гэдгийг харгалзан үзэх ёстой гэж тэрбээр үзэж байгаа аж. Шинэ бүс нутгууд гэдэг нь олон улсад Украины нутаг гэж хүлээн зөвшөөрөгдсөн, ОХУ эзлэн түрэмгийлж, бүрэлдэхүүндээ багтаасан Донбасс, Херсон зэрэг нутгууд юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |