Мягмар гарагт ханхүү Харригийн дурсамж ном Британийн дэлгүүрүүдэд борлуулагдаж эхэлжээ. Харригийн Spare хэмээх ном борлуулагдаж эхэлснээсээ хойш хамгийн эрэлттэй номнуудын жагсаалтад багтаж эхэлсэн байна.
Харригийн дурсамж ном мягмар гарагт Британид эхлэж худалдаанд гарах байсан ч хоёр өдрийн өмнө Барселонагийн номын дэлгүүрүүдэд зарагдаж эхэлсэн гэнэ. Гэвч энэ алдааг маш хурдан засаж, испани хэлрүү хөрвүүлсэн номнуудыг агуулах руу эргүүлэн татсан ч зарим номыг Британийн сэтгүүлчид хэдийнэ худалдан авч, хамгийн сонирхолтой хэсгүүдийг нийтлэж байгаа талаар МИР24 мэдээлжээ.
Ханхүү Харригийн дурсамж номонд орсон ихэнх үйл явдал нь түүний зоргоороо өссөн залуу насны тухай байгаа аж. Харри 17 настайдаа хар тамхи хэрэглэж, мөн энэ насандаа анх удаа хүнтэй энгэр зөрүүлж үзсэн гэх бөгөөд тэрбээр өөрөөс хэдэн насаар эгч эмэгтэйтэй учирсан гэнэ.
Түүнчлэн энэ номонд Афганистанд хэрхэн тулалдаж явснаа ч бичжээ. Ханхүү Харри Афганистан руу хоёронтаа томилогдож очиж байсан юм. Харригийн өгүүлснээр, тулааны ажиллагааны үеэр тэрбээр 25 алан хядагчийг устгаж байсан аж. Мөн Харри хатан хааны гэр бүлд хэзээ ч гол хүн байгаагүй гэдгээ номондоо тодотгосон байна.
Харригийн номтой холбоотойгоор Букингемийн ордон албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй. Гэхдээ Харригийн эцэг III Чарльз хаан ширээнд суух ёслолдоо хүүгээ оролцуулахгүй байх шийдвэр гаргасан юм.
Харригийн ном 18-24 фунт стерлингээр худалдаалагдаж байгаа бөгөөд Харри болон түүний эхнэр Меган нарт ном бичихэд нь Пулитцерийн шагналт сэтгүүлч, зохиолч Жон Жозеф Морингер тусалжээ. Британийн хэвлэлүүдийн мэдээлснээр, Харри номныхоо төлөө 20 сая долларын шагнал авах бол номыг хэвлэсэн хэвлэх үйлдвэрүүд хэвлэлтийн зардлыг л нөхөхийн тулд 1,7 сая ном борлуулах шаардлагатай гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |