ОХУ-ын бүрэлдэхүүнд байх Бүгд Найрамдах Коми Улсын шүүх Ухта хотын ахмад настныг дайн эсэргүүцсэн зураг олон нийтийн сүлжээнд нийтлэснийх нь улмаас торгуулийн ял оноожээ.
"Эрх чөлөө" радиостанцын мэдээлснээр, ахмад настан Арти Аарде "ВКонтакте" сүлжээнд дөрвөн зураг нийтлэсэн нь Оросын армийн нэр хүндийг гутаасан гэж шүүхээс үзэн, зураг тус бүрийн төлөө 30 мянган рубль, нийт 120 мянган рублийн торгууль төлөх шийдвэрийг гаргасан байна. Энэ торгууль нь сард 15 мянган рублийн тэтгэвэр авдаг хүний найман сарын тэтгэвэртэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль аж.
Эх сурвалжийн мэдээлснээр, Ухта хотын 51 настай оршин суугч Людмила Великая гэх эмэгтэй бүс нутгийн Экстремизмтэй тэмцэх төвийнхөнд хандан, "Украины үндсэрхэг үзэлтнүүдийн талд суртал ухуулга хийж байгаа иргэнийг хариуцлагад татах" хүсэлт тавьсан аж. Харин ахмад настан Арти Аарде олон нийтийн сүлжээнд нийтлэсэн зураг дээр Украины талаар огт дурдаагүй, нэг зураг дээр нь "Оросын цэргүүд хүүхдүүдтэй алан хядагч болж тоглож байна" хэмээн бичсэн байсан гэнэ.
Г.Бямбасүрэн