Л.Оюун-Эрдэнийн танхим өчигдрөөс эхлэн бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллахаар боллоо. Тодруулбал, Ч.Хүрэлбаатарыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар, Х.Булгантуяаг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар, Ц.Даваасүрэнг Барилга, хот байгуулалтын сайдаар, С.Чинзоригийг Эрүүл мэндийн сайдаар тус тус томиллоо.
Ийнхүү парламентын гишүүд дахин дахин дээлээ давхарлав. Эдгээр дөрвөн гишүүнээс сүүлийн үед байнгын хороо, чуулганы хуралдаанд хамгийн их үг хэлж, байр сууриа илэрхийлж байсан нь С.Чинзориг, Ц.Даваасүрэн хоёр юм. Тухайлбал, 2023 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэх хүрээнд Ц.Даваасүрэн гишүүн Хөгжлийн банкны бондыг дахин санхүүжүүлэхэд Засгийн газар баталгаа гаргах тогтоолын төслийг шүүмжилсэн юм.
Тэрбээр "Б.Жавхлан, би энэ заалтаа татаж ав. Чи энэ банкийг хамгийн их үймүүлсэн. Чиний менежер, танил хүүхэн чинь зээлийн асуудлыг хариуцаж ажиллаж байсан. Зээлээр мэргэшсэн хүн Сангийн сайд хийгээд бүх сан, бүх банк руу луйвар хийж байна" гэсэн. Үүний хариуд Сангийн сайд Б.Жавхлан "Ц.Даваасүрэн гишүүн бол олон удаа парламентад сонгогдсон туршлагатай сайн үлгэр үзүүлэх хүний нэг. Харамсалтай нь сүүлийн үед парламентыг өөрийн улс төрд яаж ашиглаж болдгийг яруу тодоор харуулж байна. Туршлага нь цөмөрчихөж. Шударга үнэний дүрд орчихсон Ц.Даваасүрэн гишүүнийн бодит үйлдэл нь ямар байгааг мэдэж байгааг хүний хувьд хэлэхэд харамсалтай зүйл болж байгаа" хэмээж байв.
Тэдний маргааны төгсгөлд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Сангийн сайд Б.Жавхланг огцруулах таван үндэслэл бүхий шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлснээр төгссөн. Харин сүүлийн хэдэн өдрүүдэд Ц.Даваасүрэн гишүүн "Эрдэнэс тавантолгой компанийг нээлттэй хувьцаат компани болгон, иргэдийн 1072 хувьцааг эргэлтэнд оруулах"-тай холбоотой асуудлаар чуулганы танхим, нийгмийн сүлжээндээ идэвхтэй байр сууриа илэрхийлсэн. Ийнхүү сүүлийн саруудад чуулганы хуралдааны үеэр "идэвхтэй шүүмжлэгч" байсныхаа шагналыг өчигдөр Ерөнхий сайдаас гардлаа.
Б.Жавхлан сайдын хэлснээр Ц.Даваасүрэн парламентын танхимыг улс төрд хэрхэн ажиглаж болдгийг яруу тодоор харуулж сайдын суудалд тухлав.
П.ГОО