Энэтхэгийн Бихар мужид хуурамч архи уусны улмаас 40 хүн амиа алдаж, өөр хэд хэдэн хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Энэ талаар цагдаагийн газраас авсан эх сурвалжтайгаар Hindustan Times сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, хуурамч архи худалдаалсан хүмүүсийг олж тогтоохын тулд мужийн захиргаа тусгай ажлын хэсэг байгуулсан байна. Хуурамч архи хэрэглэсний улмаас олон хүн нас барсан энэ хэргийн дараа сөрөг хүчний намууд архины хуурай хуулийг эсэргүүцэн, цуцлахыг шаарджээ. Бихар мужид 2016 оноос эхлэн согтууруулах ундааг бүрэн хориглосон бөгөөд энэ хугацаанд согтууруулах ундааны хууль бус зах зээл цэцэглэх болсон байна.
Өнгөрсөн жил энэ улсад хууль бус согтууруулах ундааны худалдааг хачирхалтай байдлаар илрүүлсэн тохиолдол гарч байлаа. Тодруулбал, одос үхрүүд хачирхалтай байгааг анзаарсан малын эмч цагдаагийнхныг дуудсан байна. Цагдаагийнхан ирж шалгалт хийхэд тухайн үхрүүдийг тэжээдэг эрийн гэрээс 100 гаруй лонх архи олдсон бөгөөд одос үхэр зарим архийг уун согтсон байжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |