АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдсон 17 хүний нэрийг зарласан. Эдгээр хүний долоо нь УИХ-ын гишүүд байна. Тэднээс УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Б.Баттөмөр, Ц.Анандбазар нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Өнөөдөр АТГ-аас нүүрсний хэрэгтэй холбоотой 17 хүн зарласныг фэйсвүүкээс харлаа. Энэ дунд миний бие явж байна.
Монгол Улсад далд эдийн засаг асар их хэмжээтэй байна. Үүнийг цэгцлээч гэсэн санааг хэлж, "шүгэл үлээсэн" хүн бол би. Энэ далд эдийн засаг дотор нүүрсний хулгай байгаа. Нүүрсний хулгай яагаад гарах болов гэдэгт би маш тодорхой байр сууриа илэрхийлсээр ирсэн. Гэтэл өнөөдөр би өөрөө нүүрсний хулгайч болчихоод байна.
Тавантолгой гэдэг газар хаана байдгийг би мэдэхгүй. Би нефтийн компанийн хувьцаа эзэмшдэг, миний ХОМ-т байгаа. Энэ компанийн хоёр, гурван ШТС Өмнөговь аймгийн Цогтцэций суманд бий. Тэндээсээ хувийн компаниудтай гэрээ хийж, шатахуун худалддаг. Өөр ямар ч бизнес байхгүй. Яагаад ингэж зарлах болсныг гайхаж байна. Надыг дуугүй болгоно гэж бодсон бол үгүй, би хэлдгээ хэлж, цаашдаа хулгайтай тэмцэнэ.
Нүүрсний хулгай гаарсан байгаа. Монгол Улс эзэнтэй юм уу, эзэнгүй юм уу. Ингэж шүүмжилсний төлөө надад хэрэг тохох гэж оролдож байгаа юм уу. АТГ үүнийгээ нотлох ёстой. Намайг нэг машин нүүрс гаргасныг тогтоовол би ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн. Энэ бол ташаа мэдээлэл, андуурал болсон байх. Залруулга хийх байх" гэсэн байр суурийг илэрхийллээ.
Уншиж байна |