ОХУ Украинд явуулж буй дайнд амссан цэргийн хохирлоо нөхөх үүднээс хэсэгчилсэн дайчилгаа зарласан нь Оросын иргэдийг багагүй цочроож, эсэргүүцэл, жагсаал цуглаан гарч байсны дээр дайчлагдсан эрчүүдийн ээж, эхнэрүүд нэгдэн "Ээжүүд, эхнэрүүдийн зөвлөл" нэртэй хөдөлгөөнийг байгуулсан юм. Тэд Путинийг цэргийн ар гэртэй уулзах мэдээлэл гарсны дараа "өөрсдийн" хүмүүстэй уулзах гэж байна, зөвлөлийнхөнтэй огт холбогдоогүй хэмээн мэдэгдэж Путинийг "зоригтой эр хүн л юм бол бидэнтэй уулз" хэмээн шаардсан нь ихээхэн анхаарал татаж байлаа.
Гэвч Орост энэ төрлийн эсэргүүцлийг хууль бус гэж үзэн, хариуцлагад татах үзэгдэл түгээмэл болсон бөгөөд "Ээжүүд, эхнэрүүдийн зөвлөл"-ийн гишүүд ч эхнээсээ саатуулагдаж эхэлсэн талаар Медуза мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, "Ээжүүд, эхнэрүүдийн зөвлөл"-ийн хэд хэдэн идэвхтэн тэр дундаа хөдөлгөөний тэргүүлэгчдийн нэг болох Ольга Цукановаг Самарск мужид баривчлан саатуулсан байна. Тодруулбал, замын цагдаагийнхан Цуканова, хөдөлгөөний өөр хоёр идэвхтэн, "Разоблачено" сайтын сэтгүүлч болох Светлана Белова нарын сууж явсан машиныг саатуулан, хар тамхи байгаа эсэхийг шалгана хэмээжээ. Ингээд эмэгтэйчүүдийн баримт бичгийг хурааж, машинд нэгжлэг хийсний дараа тэднийг хэлтэс рүү явахыг шаардсан байна.
Мөн эмэгтэйчүүдэд баривчлан саатуулах шийдвэрийг баталсан ямар нэг баримт бичиг үзүүлээгүй аж. Цукановагийн үзэж байгаагаар цагдаагийнхан тэднийг зориуд зам дээр отож байсан, энэ баривчилгаа нь "Ээжүүд, эхнэрүүдийн зөвлөл"-ийн үйл ажиллагаатай холбоотой гэнэ. Учир нь энэ хөдөлгөөнийхөн "олон зуун хүнд хамаарах тун ноцтой баримт цуглуулж байсан" гэж Цуканова мэдэгджээ.
Г.Бямбасүрэн