ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Киргизийн нийслэл Бишкект очсон талаар Оросын мэдээллийн агентлагууд дамжуулжээ. Бишкек хотод 12 дугаар сарын есний өдөр Евразийн эдийн засгийн холбооны дээд хэмжээний уулзалт болох юм.
Энэ жил Евразийн дээд хэмжээний уулзалт цомхон болон өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулагдах аж. Владимир Путин өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, 2023 онд энэ дээд хэмжээний уулзалтыг даргалахдаа дэвшүүлсэн ОХУ-ын тэргүүлэх зорилтуудыг танилцуулах юм байна. Түүнчлэн Орос, Казахстан, Узбекистаны хоорондын "хийн гурвал холбоо"-г хэлэлцэж магадгүй талаар Путиний туслах Юрий Ушаков мэдэгджээ.
Энэ гурвалыг байгуулах талаар Путин 11 дүгээр сарын 28-ны өдөр Казахстаны Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ хэлэлцсэн юм. Ийм холбоо нь гурван талын ашиг сонирхолд нийцнэ гэж ОХУ үзэж байгаа аж. Харин Узбекистан эрчим хүчний түүхий эд худалдан авахын тулд "хийн гурвал холбоо"-д оролцох сонирхолгүй байгаа гэж мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |