/2022.12.02/: БОАЖЯ, ЖДҮ-ийн газар, НЗДТГ, City of nomads, Orgil Media, Мөнгөн Цой ХХК болон НҮБ, Ан амьтан, байгаль дэлхийгээ хайрлах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын төсөл хөтөлбөрүүд хамтран төв талбайд сүлд модоо зассан билээ.
Гацуурнуудын хувьд өөр өөрийн гэсэн онцлогтой бөгөөд ихэнхи нь хог хаягдлыг дахин боловсруулж, чимэглэсэн юм.
“Green Fest” #Хайлахгүй уриатай энэхүү үйл ажиллагаанд хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцон олон төрлийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.
Тухайлбал, Монгол брэндийн ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, шинэ жилийн гоёл чимэглэл, гацуур мөн эх орны хөрсөнд тарьж ургуулсан аньс чацаргана, зөгийн бал, цагаан идээ зэргийг худалдан борлуулж байгаа аж.
Анх удаагаа зохион байгуулагдаж байгаа “Green Fest” үйл ажиллагаа нь 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал үргэлжлэх аж.
Мөн арга хэмжээний хүрээнд "Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад бидний оролцоо юу байх вэ" сэдвээр олон улсын байгууллагын төлөөллүүд мэдээлэл сурталчилгаа хийж, орой бүр 18.00 – 19.00 цагийн хооронд урлаг соёлын хөтөлбөрийг хүргэхээр төлөвлөжээ.
Ямартай ч шүүмжлэл дагуулаад буй зарим гацуур нь хүүхдүүдийн хийсэн бүтээл бөгөөд улсын төсвөөс нэг ч төгрөг гаргаагүй гэдгээрээ мөн онцлогтой болж байгаа юм.