Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Сая жуулчны тухай ярьсаар хэдэн ч жил өнгөрөв. 300, 400 мянгаас дээш гарсангүй. Аялал жуулчлал хөгжих гол хаалга бол тээврийн асуудал. Агаарын тээврээ дэмжих ёстой. Хамгийн бага үнийг санал болгож байж аялал жуулчлалын урсгал нэмэгдэнэ. Тээвэртэй холбоотой асуудлыг яаж дэмжих вэ? Үндэсний тээвэрлэгч гээд МИАТ-ийг дахин шүтчихээд байгаа. Сая жуулчин авах хэмжээний боломжийг МИАТ-аараа нээх ёстой. Хоёрдугаарт, аялал жуулчлалын сан ямар хөрөнгийн эх үүсвэрээс бий болох вэ?
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Монгол руу ирж байгаа нислэгийн тоо давтамжийг хязгаарлахгүй байх саналыг Ерөнхий сайд өгсөн. Энэ бол агаарын тээврийн лебаралчлалын хамгийн том алхам гэж ойлгож байна. Хоёрдугаарт, тээвэрлэж ирсэн зорчигчийн тоогоор татаас олгодог байхаар хуулийн төсөлд тусгасан. Үүнийг аялал жуулчлалыг хөгжүүлэх сангаас санхүүжүүлнэ. Энэ сангийн орлого Казиногийн онцгой албан татварын 5 хувь, Морин бооцоот уралдааны онцгой албан татварын 5 хувь, навигацийн орлогын 20 хувь, зөвшөөрлийн хураамжийн орлого зэргээс бүрдэнэ. Энэ сан агаараар зорчигч тээвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, шинэ аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэхэд, гадаад дотоодод Монгол Улсыг сурталчлах үйл ажиллагаанд, аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд бүтцийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Зам тээврийн сайд байхдаа Сөүлийн чиглэлийн тасалбарыг 30-40 хувь бууруулсан. Шинэ хуулиар тасалбарын үнэ хэдэн хувь хүртэл бууна гэж тооцож байна. Санд хэдэн төгрөг хуримтлагдах вэ, барагцаа дүн.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: 2023 онд САЯ, 2024 онд 1,6 сая хүртэл жуулчны тоо нэмэгдүүлнэ гэж тооцсон. Энэ тооцоогоор манай улсад хоёр тэрбум орчим ам.долларын бараа бүтээгдэхүүн борлуулагдах тооцоо гарсан. Аялал жуулчлалыг хөгжүүлэх санд хэдэн төгрөг хуримтлагдах вэ гэдгийг урьдчилан тооцоход хэцүү. Бид шинэ хуулиа батлаж байж шинэ татварыг тооцуулах гэж байна. Маргааш Засгийн газрын хуралдаанаар Казино, морин бооцоот уралдаан, төлбөрт таавар тоглоомын хуулийг нэмэлтээр хэлэлцүүлнэ. Казиногийн өдрийн орлогын 40 хувийг, морин бооцоот уралдааны 70 хувь, төлбөрт тааварт тоглоомын 20 хувийг улс татвар байдлаар хурааж авна. Агаарын тээврийг үнэ хэд байх вэ гэдгийг хэлэхэд хэцүү байна. Өрсөлдөөн бий болох тусам үнэ бууна.
Уншиж байна |