Хэвлэлүүдээр Хятад улс өнөөгийн бодлогоо зөөлрүүлж болзошгүй гэсэн мэдээлэл удаа дараа гарсны дараа БНХАУ-ын эрх баригчид үүнийг няцаасан талаар SCMP сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, БНХАУ "тэг ковид" бодлогоо үргэлжлүүлнэ гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний комисс мэдэгдсэн байна. "Тэг ковид" бодлогыг цаашид баримталж, ковидын тархалтад хяналт тавих ёстой гэж комиссын тэргүүн Ма Сяовэй мэдэгджээ.
Мөн ийм бодлого баримталснаар ихээхэн үр дүнд хүрч байгааг онцлоод шинээр үүссэн дэгдэлтүүдийг ойрын хугацаанд хяналтдаа оруулна хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.
Хятадын эрх баригчид коронавирусийн халдварын тархалтыг хяналтад байлгахын тулд "тэг ковид" бодлого баримтлан, ковидын тохиолдол тун цөөн илэрсэн ч хөл хорио тавьж, бүх хүнийг шинжилгээнд хамруулах арга хэмжээ авсаар байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд, Жэнжоу дахь Тайванийн Foxconn Technology Group -ийн iPhone үйлдвэрлэдэг үйлдвэрт долоо хоногийн хөл хорио тогтоосон бөгөөд энэ үйлдвэрийн 20 гаруй ажилчнаас коронавирусийн халдвар илэрсэн тул ийнхүү үйлдвэрийг ажилчдын хамт хаахаар болсон байна.
Г.Бямбасүрэн