Хүнсний голлох нэр төрлийн бүтээгдэхүүн гурилын үнэ дахин нэмэгджээ. Өчигдөр хүнсний дэлгүүрүүдэд гурилын үнэ кг тутамдаа 200 төгрөгийн нэмэгдэлтэй нийлүүлэгдсэн байна. Цаашид ч гурилын үнэ нэмэгдэх төлөвтэй байгааг үйлдвэрлэгчийн зүгээс дуулгажээ. Учир нь өчигдөр "Сангийн сайд ирэх сарын 01-ний өдрөөс аж, ахуй нэгж байгууллагуудын цахилгааны төлбөрийг 28 хүртэлх хувиар нэмэгдүүлнэ" хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн. Тэгэхээр ирэх өдрүүдэд ААН-үүдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зардал дахин нэмэгдэнэ гэсэн үг.
Б.Чойжилсүрэн сайд болонгуутаа "Салбар хүнд байна гэхдээ аргална даа" гэсэн. Харин энэ нь цахилгааны үнийг нэмж, ард түмний амьдралд ачаа үрүүлэх төлөвлөгөө болон хэрэгжиж байгаа нь нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байна. Иргэдийн амьдралын чанар өдрөөс өдөрт муудаж байгаа энэ үед цахилгааны төлбөр нэмэх нь хэр оновчтой шийдвэр вэ?
Өнгөрсөн сард гурил үнэ кг тутамдаа 350 хүртэлх төгрөгөөр нэмэгдсэн. Тодруулбал, "Улаанбаатар гурил" ХХК-ийн дээд гурил 350 төгрөг, 1-р гурил 250 төгрөг, 2-р гурил 220 төгрөг, бүхэл үрийн гурил 50-250 төгрөг, "Алтан тариа" ХХК дээд гурил 150 төгрөг, 1-р гурил 100 төгрөг, 2-р гурил 100-110 төгрөг, ширхэгтэй дээд гурил 200-210 төгрөг, дээдийн дээд гурил 200-210 төгрөг, бүхэл үрийн гурил 300-485 төгрөгөөр тус тус нэмэгдсэн. Энэ үнэ цаашид ч өснө. Учир нь Монголын гурилын үйлдвэрлэлийн бодлого, төлөвлөлтийн нэгдсэн холбооноос “Улаан буудайн үр сүүлийн нэг жилд 15, үйлдвэрлэлийн зардал 40 хувиар өссөн. Иймээс гурилын үнийг кг тутамд нь 50 хувиар нэмэхээс өөр аргагүйд хүрсэн” хэмээн мэдэгдсэн. Дээр нь цахилгааны төлбөрийн нэмэгдэл бүтээгдэхүүний өртөг зардлыг нэмэгдүүлэх нь ээ.
П.ГОО
Уншиж байна |