“МАК цемент компани өчигдөр буюу 9 дүгээр сарын 22-ны өдрөөс гэрээт борлуулагчдадаа задгай цементийн үнийг 529.500, нэг тонн савласан цементийг 550.000 төгрөг болгон нэмэгдүүлсэнээ мэдэгджээ. Ингэж үнээ нэмсэн нь “МАК цемент компани давамгай байдлаа хууль бусаар ашиглан ноёлох үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн учраас ШӨХТГ-аас зөрчлийн хэрэг нээн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж эхэлжээ.
09дүгээр сарын 21-ний байдлаар тус компанийн нэг тонн задгай цемент 221.000, нэг тонн савласан цемент 335.600 төгрөгийн үнэтэй байсан аж. Гэтэл нэг өдрийн дотор задгай цементээ 86.7, савласан цементээ 63.8 хувиар өсгөжээ. ШӨХТГ-аас энэхүү үнийн өсөлтийг үндэслэлгүй хэмээн үзэж байна. Учир нь үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн төмрийн хүдэр, гөлтгөнө, шохойн чулуу, нүүрсийг дотоодоос авдаг тул валютын ханшийн өсөлт нөлөөлөхгүй. Шатахууны үнэ тогтворто, дизель түлшний үнэ 08 дугаар сараас литр тутамд 450 төгрөгөөр буураад буй юм.
ШӨХТГ-ын 2021 оны 12 дугаар сард МАК цемент компанийг Монгол Улсын цементийн зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон байна. Энэ удаагийн үнэ өсгөсөн байдал нь давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан, хэрэглэгчийн аргагүй байдлыг далимдуулан хясан боогдуулсан, хэрэглэгчдийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн болзошгүй зөрчлүүд тогтоогдох үндэслэлтэй байгаа тул зөрчлийн хэрэг нээн шалгахаар болжээ.
Хэрвээ давамгай байдалтай аж ахуй эрхлэгч Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн, өрсөлдөөнийг хязгаарласан хясан боогдуулсан, картел хийх буюу үгсэн хуйвалдаж үнэ тогтоосон зэрэг зөрчил гаргасан нь тогтоогдвол хуульд зааснаар өмнөх жилийн борлуулалтын орлогын 4-6 хувиар торгууль ногдуулах, мөн хууль бусаар олсон орлогыг хураах хүртэл арга хэмжээ авна.
Уншиж байна |