БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Ассемблейн дэд дарга Ким Ён Жү-ийн санаачилгаар 2022 оны 09 сарын 02-ны өдөр БНСУ-ын Үндэсний Ассамблейн ордонд “Монголын эмзэг бүлгийн хүүхдүүдийн дотоод орчны агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөл, шийдвэрлэх гарц” сэдэвт мэргэжилтнүүдийн хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт БНСУ-ын эрүүл мэнд, байгаль орчны салбарын мэргэжлийн судлаач эмч болон Мэргэжлээс шалтгаалах өвчин, орчны өвчин судлалын төв, Хөдөлмөрийн эрүүл ахуй судалгааны хүрээлэнгийн удирдлагууд илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, түүнээс үүдэлтэй өвчлөлийн төлөв байдлын талаар танилцуулав.
Мөн Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний явцын талаар мэдээлэл өглөө.
Цаашид Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагааг эрүүл мэнд, байгаль орчны салбарт улам өргөжүүлэн хөгжүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх болон үр дүнд хүрэх боломжтой арга замыг эрэлхийлэх зорилготой мэргэжлийн эрдэмтэн, судлаачдын хамтарсан баг байгуулахаар боллоо.
Талууд эрүүл мэндийн болон байгаль орчны чиглэлээр урт хугацааны төсөл хэрэгжүүлэх бөгөөд үүнтэй холбоотой хэлэлцүүлэг, семинарыг ирэх 12 дугаар сард Монгол Улсад зохион байгуулахаар болжээ.
Уншиж байна |