Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүгч П.Соёл-Эрдэнэ нь “Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэрт тус шүүхэд гаргасан “хуулийн зүйл, заалт тайлбарлуулах тухай” хүсэлтэд тодорхой хэрэг маргааныг хяналтын журмаар хянан хэлэлцсэн Улсын дээд шүүхийн тогтоолыг адил төстэй хэрэг маргаанд адилтган хэрэглэх боломжтой гэх хариуг өгчээ. Энэ талаар хуульч О.Цолмонгоос тодрууллаа.
- Шүүгч П.Соёл-Эрдэнийн гаргасан албан бичгээс болж ямар асуудал үүсээд байгаа вэ?
Улсын дээд шүүхийн шүүгчийн 2021.01.07-ны өдрийн 4/83 тоот албан бичгээр “Бүрэн цутгамал” ХХК-ийн хүсэлтэд хариу өгөх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2012 оны/-ийн 27 дугаар зүйлийн 27.1.6-д шүүгчид “шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох, нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл өгөх, …., урьдчилан санал хэлэх”-ийг хориглоно гэх заалтыг ноцтой зөрчсөн байх ба уг албан бичгийг үндэслэн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 5 жилийн өмнө шийдсэн хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас сэргээгээд байна.
- Дээд шүүхийн шүүгч ийм заавар, чиглэл албан бичгээр өгөх эрхтэй юу?
Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 50 дугаар зүйлийн 50.1.7-д шүүгчид “шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох, нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл өгөх, ... , урьдчилан санал хэлэх”, мөн хуулийн 50.1.38-д “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн талаар эргэлзээ төрүүлэхүйц ойлголтыг бусдад өгөх...;”-ийг хориглосон байдаг.
Дээд шүүх тайлбар гаргахдаа заавал бүх шүүгч нарын хурлаар орох ёстой. Өөрөөр хэлбэл энэхүү албан бичиг нь Дээд шүүхийн бусад шүүгч нарынхаа эрхэд халдсан, Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн өмнөөс гаргасан, мэргэжлийн ёс зүйн ноцтой алдаатай албан бичиг юм.
- Монгол улс Улсын дээд шүүхийн тогтоолыг адил төстэй хэрэг маргаанд адилтган хэрэглэдэг хуулийн тогтолцоотой орон уу?
Монгол Улс нь эрх зүйн тогтолцооны хувьд Эх газрын буюу Ром-Германы эрх зүйн бүлд хамаарах бөгөөд Англи-саксоны эрх зүйн бүлд хамаардаггүй. Гэтэл өөрийн орны эрх зүйн тогтолцоог үгүйсгэн байж “Бүрэн Цутгамал” ХХК-д өгсөн албан бичигтээ “тодорхой хэрэг маргааныг хяналтын журмаар хянан хэлэлцсэн Улсын дээд шүүхийн тогтоолыг адил төстэй хэрэг маргаанд адилтган хэрэглэх боломжтой” гэж шууд заасан нь “Бүрэн цутгамал” ХХК-д ашигтай удирдамж, зааврыг захиргааны хэргийн анхан болон давах шатны шүүхэд өгч, тус шүүхүүдийн хараат бус үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн гэж үзэж болохоор байна.
Уншиж байна |