Б.Гантулга: Ипотекийн ногоон зээл гаргах боломж бий
2022-03-30

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус чуулганы “Ногоон санхүүжилт-санхүүгийн салбарын үүрэг оролцоо” хэсэгт “МИК Холдинг” ХК-ийн  гүйцэтгэх захирал Б.Гантулга оролцож, ногоон моргажийг бий болгох, хөгжүүлэх боломжийн талаар өөрийн байр суурийг илэрхийллээ.

 

 

Тэрбээр ногоон моргажийг бий болгож, хөгжүүлэх тулд эхлээд барилгын материалд шинэчлэл хийж, дараа нь дүрэм журам, стандартад өөрчлөлт оруулах шаардлагатайг хэлж байна. Энэ талаар Б.Гантулга “Ногоон бүтээгдэхүүн гаргахын тулд барилгын материалын үйлдвэрлэлээс эхлэх ёстой. Барилгын материалын үйлдвэрлэлд технологийн шинэчлэл хийсний дараа барилгын норм, дүрэм, стандартуудыг өөрчлөх шаардлагатай. Барилгын материал үйлдвэрлэгчээс эхлээд барилга барьж буй компани хүртлээ бүгд ногоон шалгуур үзүүлэлтийг өөрсдийн дүрэм журам, хэрэгжүүлж буй үйл ажиллагаандаа мөрдөх ёстой. Үүний үр дүнд ногоон барилга бий болно. Харин тухайн барилгыг ногоон гэдгийг барьсан компани биш хөндлөнгийн аудит батлах ёстой. Энэ бүхний дараа Ногоон орон сууцны зээл бий болно.

 

Ногоон орон сууцны зээл бий болсны дараа бол манай компани хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас буюу Ногоон бондыг гаргах боломжтой” гэдгийг тодотгож байна.

 

Мөн ипотекийн ногоон зээл гаргах боломж ч байгааг хэллээ. Үүний тулд төрөөс бодлогын дэмжлэг шаардлагатай. Учир нь ногоон санхүүжилтийн том бэрхшээл нь анхны хөрөнгө оруулалт өндөр байдаг. Тиймээс бүх шатны бодлогын баримт бичигт нэгдсэн байдлаар оруулж, төрийн бодлогоор уялдаа холбоог нь зохицуулвал дэмжин ажиллахад бэлэн байгаагаа Монголын ипотекийн корпорацийн гүйцэтгэх захирал Б.Гантулга илэрхийллээ.

 

Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт, Хөшигийн хөндийн Шинэ Зуун мод хотын бүтээн байгуулалтыг ногоон шалгуурт нийцүүлж хийж чадвал манай улс дэлхийн зах зээлээс ногоон санхүүжилтийг татаж авах боломж байгаа аж.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин