Гаалийн ерөнхий газраас 2021 оны эхний 9 сард илрүүлсэн зөрчлийн талаар мэдээлэл хийлээ. Гаалийн байгууллага жилд дундажаар 2500-4000 зөрчил илрүүлж, 10 орчим тэрбум төгрөгийн торгууль шийтгэл тавьдаг байна. Коронавирусийн улмаас хяналт шалгалтыг хязгаарласнаар зөрчил илрүүлэлт буурчээ. Энэ оны эхний 9 сард гаалийн байгууллагад нийтдээ 776 удаагийн зөрчил, гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ зөрчилд 2.1 тэрбум төгрөгийн татварыг нөхөн төлүүлж, 1.2 тэрбум төгрөгийн торгууль оногдуулжээ. Мөн 37.9 сая төгрөгийн барааг улсын орлого болгож, 56.8 сая төгрөгийн үнэ бүхий барааг бүтээгдэхүүнийг түр хураасан байна.
15 сая төгрөг эсвэл үүнтэй тэнцэх валютыг заавал мэдүүлэх хуультай
Улсын хилээр 133.7 мянган юань буюу 58.9 сая төгрөгтэй тэнцэх валютыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлжээ. Тухайн валютыг хураан авч улсын орлого болгон, 8.8 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч 15 сая төгрөг түүнтэй тэнцэх хэмжээний эсвэл түүнээс дээш гадаад валютыг биедээ авч явж байгаа тохиолдолд гаалийн мэдүүлэгт заавал бичих үүрэгтэй. Харин иргэд хуулийн энэ заалтыг мэдэхгүйгээс зөрчилд холбогдож, бэлэн мөнгөө хураалгаж, торгуулах байдал буурахгүй байгааг гаалийн байгууллагаас анхааруулж байна.
Алт, үнэт эдлэлээ гаальд мэдүүлээгүй иргэдэд их хэмжээний торгууль ногдуулжээ
Гааль, тагнуулын байгууллагын хамтарсан арга хэмжээний үр дүнд алт, үнэт эдлэлийн гаалийн бүрдүүлэлт, татвар хураамж, зөрчил илрүүлэлт эрс нэмэгдэж байна. Энэ оны 08 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд Монгол Улсын 18 иргэн БНТУ-аас 50.5 кг алт, монет, мөнгөн эдлэл, БНЭУ-аас 4.1 кг мөнгөн эдлэл, БНСУ-аас 5.9 кг алт, монетон эдлэлийг импортолж, нийтдээ 171.3 сая төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлжээ.
Харин БНСУ-аас ирсэн зорчигч улсын хилээр нэвтрэхдээ их хэмжээний алт, үнэт эдлэлийг гаалийн байгууллагад мэдүүлэлгүй, татвар төлөхөөс зайлсхийсэн байна. Нийтдээ 5.9 кг монетон эдлэлд 30.9 сая төгрөгийн татварыг нөхөх төлүүлсэн байна. Мөн 15.4 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.
Үүнээс гадна БНТУ-аас ирсэн Монгол Улсын иргэн гаалийн байгууллагад мэдүүлэлгүйгээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 22.6 кг алт, үнэт эдлэлийн зөрчлийг шалгаж, 40.1 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлж, 20 сая төгрөгөөр торгосон байна.
Б.Хэрлэн
Уншиж байна |