Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэвлэлийн бага хурал хийлээ. Засгийн газраас эдийн засгийг сэргээх зорилгоор 10 их наяд төгрөгийн дүнтэй цогц хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгийг сэргээх 10 их наяд төгрөгийн цогц хөтөлбөрийн хүрээнд:
Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл
Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг
Эхний ээлжинд Улаанбаатар хотод барих "Залуус I, II, III" хорооллын дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг
Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг
Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх /ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг 500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл болгох/-ээр тусгасан.
Монголбанкны Ерөнхийлөгч мэдээлэлдээ:
-Ипотекийн зээл хэвийн үргэлжилж байна. Өмнө нь жил бүр 300-400 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулдаг байсан. Энэ нь өмнөх зээлдэгч нарын эргүүлэн төлсөн зээлийн нийт эргэн төлөлт юм. Ипотекийн зээлийн санхүүжилтийг 2021 онд 700 тэрбум төгрөг болж, өсч байна.
Ажлын байрыг хадгалахад зориулж, жилийн 3 хувийн хүүтэй зээл олгоно. Төв банкны бодлогын хүү одоо 6 хувь байна. Үүнээс ч бага хүүтэй зээл олгоно. Төв банкинд банкуудын хадгалуулж байгаа 8 их наяд төгрөгөөс энэ санхүүжилтийг олгоно. Хүүний зөрүүг улсын төсвөөс гаргана хэмээв.
Н.Нягт
Уншиж байна |