Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 34 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага 2020.10.27-ны өглөөний 06:35 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 06:40 цагт очиж, иргэн Ч-ийн 10х20 метрийн хэмжээтэй байшин, 6х16 метрийн хэмжээтэй байшин, 3х12 метрийн хэмжээтэй чингэлэг, эд хогшил тус тус шатаж байсныг 1 цаг 40 минут ажиллаж унтраасан байна.
Мөн хүн нэмэгдүүлэн Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 06:58 цагт очиж 1 цаг 20 минут ажиллажээ.
Уг гал түймэрт Орхон аймгийн харьяат ажлын шугамаар Улаанбаатар хотод ирсэн иргэн С /20 настай, эрэгтэй/, иргэн Б /20 настай, эрэгтэй/ нар болон иргэн А /17 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан байсныг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Тун саяхан буюу гурван өдрийн өмнө Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны “Орбит”-ын 62 дугаар гудамжинд иргэн О-ийн 5 ханатай гэр шатаж бага насны дөрвөн хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Хүйтний эрч чангарч гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа эрс нэмэгдсэнтэйгээр холбоотойгоор нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байгааг албаныхан анхааруулж байна.
Иймд гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа нэмэгдэж байгаа энэ үед гэр, орон байрны галын аюулгүй байдлыг ханган, яндан пийшин зуухны аюулгүй ажиллагааг шалгаж, бага насны хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнуудыг харгалзах хүнгүй гэртээ үлдээхгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Г.Сүрэн
Уншиж байна |