FIS төсөөлөөгүй их орлого олов
2020-07-24

 

Олон улсын цанын холбоо (FIS) 2019 оны санхүүгийн тайлангаа дүгнэхэд төлөвлөж байснаас 19,6 сая ам.долларын илүү ашигтай ажиллажээ. Ашгийн дийлэнх хэсгийг валютын ханшийн өсөлт, санхүүгийн орлого, хадгаламжийн хүү зэргээс голлон олсон байна.

 

Нийт орлогын хэмжээ нь 37,2 сая ам.доллар хүрч, 2018 оныхоос 7,35 сая ам.доллараар өссөн ажээ. FIS-ийн удирдлагаас орлогоосоо 12,2 саяыг “цанын спортыг хөгжүүлэхэд тусламж” байдлаар гишүүн орнуудын цанын холбоонд түгээхээ мөн уламжлав. Энэхүү дүнгээр 2020, 2021 онд түгээх бол өмнөх хоёр жилд ийм чиглэлээр 11,55 сая ам.долларыг хүртээсэн байна. 2018 оны Пёнчаны цагаан олимпийн үеийн ашгаас FIS-д 44,3 сая ам.долларын оногдсон нь аль ч спортын олон улсын холбоодын хүртээгүй өндөр дүнтэй хувь билээ. Олон улсын олимпийн хорооноос дөрвөн жил тутам ийм хувь өгдөг бөгөөд 2018-2021 оны хооронд FIS жил тутам ойролцоогоор 11 сая ам.доллар хүртэнэ. 1924 онд байгуулагдсан Олон улсын цанын холбоо (FIS) нь уулын цана, гүйлтийн цана, цанын трамплин, хоёр төрөлт, фристайл, сноуборд зэрэг төрлийг удирдан зохицуулдаг, эгнээндээ 118 орны цанын холбоог нэгтгэдэг юм.

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин