Бичигт боомт хаагдаж хагас жил болсны улмаас Сүхбаатар аймагт ашигт малтмал олборлодог уул уурхайн компаниуд дампуурлын ирмэгт ирж 1000 гаруй ажлын байр алдагдахад хүрээд байна. Бичигт боомт өнгөрсөн 6-р сараас эхлэн “Петро Чайна” компанийн газрын тосыг гаргаж байгаа хэрнээ нүүрс, жонш зэрэг бусад ашигт малтмал гаргах зөвшөөрөл өгөхгүй байгаа аж. Ямар шалтгааны улмаас экспорт хийх зөвшөөрөл өгөхгүй байгаа нь тодорхойгүй, хариуцах төрийн алба хаагчолдохгүй байна гэж Сүхбаатар аймгийн уул уурхайн компаниудын холбоо Улаанбаатарт ирж ярьж байна.
Тус аймагт одоогоор 950 мянган тонн нүүрс, 31 мянган тонн жонш, 51 мянган тонн төмрийн хүдэр уурхай ачилтын талбай дээр ачигдахаа хүлээн бэлэн байгаа ба нар салхинд хийсч элэгдэн байгалийн баялаг үнэгүйдэж байна. Мөн 150,000 тонн төмрийн хүдэр хилийн Бичигтийн боомтын хяналтын талбай дээр байна. Одоогоор тус боомтоор зөвхөн “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн газрын тос л хилээр нэвтэрч байна.
Харамсалтай нь ачихгүй удаснаас болж тэр их хэмжээний нүүрс наранд халж, цогшиж 30 мянган тонн нүүрс шатсан байна. Энэ хэвээрээ удвал хээрийн түймэр үүсгэх аюул ойр байна.
Мөн эдгээр уурхайнуудыг дагаж орон нутгийн жижиг бизнесүүд, уурхайн ажилчдын гэр бүл орлогогүй олон сар болж байна.
УОК өнгөрөгч 4-р сард экспортын бүтээгдэхүүн тээвэрлэх түр журам гэж гаргасан боловч Сүхбаатар аймгийн Онцгой комисс, мэргэжлийн хяналтын байгууллагууд хөдлөхгүй хүнд суртал гаргаж байна гэж “Наран мандах нутгийн уул” уул уурхайн баялаг бүтээгчдийн холбооныхон үзэж байна.
“Манай компани 56 ажилтантай, мөн манай тээврийг хийдэг компани мөн 50 гаруй ажилтантай. Орлого олохгүй байгаа компаниудыг аж ахуй нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөөд яах юм бэ? Цалингүй хүмүүсийг нийгмийн даатгалын шимтгэлээ чөлөөлөөд яах юм бэ? Манай машинууд хятадын хил гараад 5 –км яваад хүдрээ буулгаад, жолооч нар кабинаасаа буухгүйгээр хүдрээ буулгаад буцаад ороод ирэх боломж олгооч л гэж гуйж байгаа юм. Ийм маягаар Гашуунсухайтын боомтоор нүүрсний машинууд орж гараад болж байгаа шүү дээ гэж “Дорнын хүдэр” ХХК-ийн захирал, “Наран мандах нутгийн Уул” уул уурхайн баялаг бүтээгчдийн холбооны гишүүн Г.Энхбаатар ярилаа.
Б.Бямба
Уншиж байна |