Эдийн засгаар хямарсан 516 гэр бүлд тусалжээ
2020-06-09

 

Covid-19 халдварт тахлаас улбаалан эдийн засгаар хямарсан 516 гэр бүлд ганцхан бүсгүй тусалж чадлаа. Тэр хүн бол Филиппиний нэртэй хүндийг өргөгч, 2018 оны Азийн наадмын аварга, Рио-2016 олимпийн мөнгөн медальт Хидилин Диас юм.

 

Тэрбээр сайн үйлсийн аяныг өөрийн фэйсбүүк хуудсаар уриалан эхлүүлж, хүндийг өргөлтийн онлайн сургалтыг явуулснаар нийт 172 мянган песо (ойролцоогоор 3400 ам.доллар) цуглуулжээ. Цугласан мөнгөөр 516 гэр бүлд зориулан хүнсний тусламжийг худалдан авч, өөрийн төрөлх Замбоанга болон Кавите, Булакан, Манила хотын гэр бүлүүдэд тараан өгсөн байна. 29 настай Диас бүсгүй “Covid-19 тахлаас сэргийлж хамгаалах аян маань амжилттай өндөрлөлөө.

 

Аяныг дэмжин, төлөвлөн оролцсон баг хамт олон, гэр бүл, найз нөхөд, дасгалжуулагч Жулиус Наранхо нартаа талархал илэрхийлье. Хандиваа илгээсэн, төсөлд оролцсон, хүндийг өргөлтийн семинарыг минь үзэж сонирхсон бүх хүмүүст талархаж байна” гэжээ. Мөн “Бидний зорилго бол гэр бүлүүдэд зөвхөн долоо хоногийнх нь хоол хүнсийг өгөх байгаагүй. Тэдэнд энэхүү цар тахлыг хамтдаа даван туулах итгэлийг өгөх зорилго бас байлаа” гэв.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин