Английн премьер лиг “эргэн ирнэ”
2020-05-29

 

Коронавируст халдварын улмаас завсарлаад байсан Английн хөлбөмбөгийн шилдэг багуудын тоглолт удахгүй сэргэх болжээ. Өчигдөр Премьер лигийн багууд зөвшилцөөд лигийн тоглолтыг зургадугаар сарын 17-ноос эхлүүлж, “Астон Вилла”-“Шеффилд”, “Манчестер Сити”-“Арсенал” багийн нөхөн тоглолтыг хийхээр шийдвэрлэжээ.

 

Премьер лиг өндөрлөхөд нийтдээ 92 тоглолт дутуу бөгөөд зургадугаар сарын 19-21-ний амралтын өдрүүдэд лигийн 30-р тойргийн тоглолт явагдах бололтой. Ийнхүү гуравдугаар сарын 9-нд “Лэстер” “Астон Вилла”-г 4:0-ээр бутниргэснээс хойш яг 100 хоногийн дараа баяртай мэдээ дуулж байгаа нь энэ болой. Лигийн багууд долоо хоногийн өмнөөс контактгүй бэлтгэл хийж эхэлсэн бол өчигдрөөс ердийн бэлтгэлд шилжсэн байна.

 

Хөлбөмбөгчид, дасгалжуулагч, албаныхан, багийн ажилтнууд зэрэг нийт 2752 хүнд шинжилгээ хийхэд 12-оос нь коронавирусын халдвар илэрч эмчилгээнд шилжжээ. Хөлбөмбөгчид цаашид долоо хоногт хоёр удаа шинжилгээ өгөх, хорио цээрийн дэглэмийг дээд зэргээр сахих, тоглолтыг үзэгчгүйгээр явуулах зэрэг дүрмийг бүх багууд дэмжсэн юм. Харин лигийн тоглолтыг сэргээх тохиолдолд оролцох боломжгүй гэдгээ “Челси”-гийн Нголо Канте, “Вотфорд”-ын Трой Дини нар илэрхийлсэн билээ.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин