Пьер де Кубертиний үүсгэсэн Орчин үеийн олимпийн хөдөлгөөн 124 жилийн түүхэндээ олимпийн наадмыг анх удаа (Токио-2021) хойшлуулаад байгаа билээ.
Дэлхий дахиныг хамраад буй коронавируст цар тахал үүний шалтгаан нь. Харин ХХ зуунд тохиосон дэлхийн хоёр дайны улмаас Олон улсын олимпийн хороо (ОУОХ) таван ч олимпийг цуцалсан түүх бол бий. Эдгээрийг та бүхэнд танилцуулья.
БЕРЛИН
1916 1912 онд Стокгольмд хуралдсан ОУОХ-ны 15 дугаар чуулганаас өнөө цагийн олимпийн зургаадахийг Берлинд явуулахаар шийдвэрлэжээ. Тэдний өрсөлдөгч нь Египетийн Александриа хот байлаа. Берлин хотод итгэл үзүүлснээ ОУОХ-ны ерөнхийлөгч Пьер де Кубертин цахилгаан шуудангаар Германы хаан II Кайзер Вилхелмд мэдэгдсэн гэдэг. Германчууд олимпод зориулан 30 мянган хүний суудалтай цэнгэлдэхийг Берлиний баруун хэсэгт Грюневалдад байгуулав.
Спортын цогцолбор байдлаар босгосон энэхүү бүтээн байгуулалт Германы спортын үзэл санааны төв болох ёстой байсан гэж спортын түүхч Фолкер Клюге бичжээ. II Кайзер Вилхелмийн сэнтийд заларсны 25 жилийн ойн хүрээнд уг “German Stadium”-ийг 1913 оны зургадугаар сарын 8-нд нээсэн юм. Олимпийн хөтөлбөрийг гурван хэсгээс бүрдүүлэхээр төлөвлөж, “Games Week” буюу наадмын долоо хоногийг тавдугаар сарын 28-наас зургадугаар сарын 4-нд, “Stadium Week” буюу цэнгэлдэхийн долоо хоногийг долдугаар сарын 1-10-нд, “Sailing and Rowing Week” буюу завины долоо хоногийг наймдугаар сарын 12-21-нд явуулахаар бэлтгэсэн. Бэлтгэл ажил ч маш чамбай үргэлжилж, 1914 оны зургадугаар сарын 27-28-нд сорилго тэмцээнийг зохион байгуулав.
Гэтэл зургадугаар сарын 28-нд Австри-Унгарын хаан ширээ залгамжлагч Франц Фердинанд ван эхнэрийн хамт Сараевод алуулснаар Дэлхийн I дайн эхлэх шалтгаан боллоо. Тэрхүү дайны улмаас Берлин хот олимпийг 1916 онд хүлээн авч чадаагүй юм. Кубертин дайны жилүүдэд ОУОХ-ны оффисыг Лозанн руу шилжүүлж, VI олимпийн оныг 1920 руу шилжүүлэв. Грюневалд дахь цэнгэлдэхийг хожим буулгаж, тэр газарт нь 1936 оны олимпод зориулан шинээр барьсан нь одоо хүртэл хэвээр оршин буй билээ.
TОКИО, САППОРО
1940 2011 оны гуравдугаар сарын гамшигт цүнамигийн дараахан (2013 онд) Токио хот 2020 оны олимпийн эрх авсан шиг явдал урьд цагт мөн тохиосон түүхтэй. 1923 онд болсон Кантогийн газар хөдлөлтийн уршгийг сэргээн босгох үеэрээ Япон улс 1940 онд анх удаа олимпийг зохион байгуулахаар болжээ. Жүдог үндэслэгч, ОУОХ-ны гишүүн, домогт Жигоро Каногийн удирдсан Наран улсын баг 1936 онд Берлинд болсон ОУОХ-ны гишүүдийн хурлаас хоёр ч олимпийн эрхийг давхар авч байлаа.
1940 онд нийслэл Токиод зуны олимп, мөн Хоккайдо арлын гол хот Саппород өвлийн олимп авахаар болжээ. Олимпийн үеэр Япон улсын анхны хаан Жиммүгийн ширээнд заларсны 2600 жилийн ойг тэмдэглэх бодолтой байсан ч 1937 оны Хятад-Японы дайны улмаас бүтэлгүйтэв. Улмаар 1938 онд Япон улс ОУОХ-ны ерөнхийлөгч Комте де Баили-Латуд захидал илгээж хоёр олимпоосоо албан ёсоор татгалзаж буйг харамсалтайгаар мэдэгдсэн байна.
Ингэснээр ОУОХ 1940 оны зуны олимпийн хотоор Хелсинкиг, өвлийн олимпийн хотоор Гармиш Партинкирхенийг (эхлээд Санкт-Морицыг сонгосон ч шийдвэрээ өөрчилж) товлов. Гэвч 1939 онд Дэлхийн II дайн эхэлсний улмаас хоёуланг нь цуцалсан билээ. Япончууд Ази тивдээ олимпийн анхдагч болох мөрөөдлөө уйгагүй зүтгэсээр 1964 онд Токиод зуны олимп, 1972 онд Саппород зохион байгуулж хүрчээ.
ЛОНДОН, КОРТИНА Д'AMПЕЦЦО
1944 1939 оны зургадугаар сард Лондон хотноо ОУОХ-ны гишүүдийн 39 дүгээр хурал болсон юм. Энэ үед Европ тивийн нутаг дэвсгэрт Нацизмийн сураг дуулдаад байсан ч Дэлхийн II дайн хараахан чимээгүй байлаа. Мөн оны есдүгээр сарын 1-нд Гитлерийн арми Польш руу халдан довтолсноор хүн төрөлхтний түүхэнд хамгийн хор хөнөөлтэй Дэлхийн II дайн эхэлжээ.
1944 оны олимпийн төлөө өрсөлдөөнд Италийн Ром, АНУ-ын Детройт, Швейцарийн Лозанн хотыг ялсан Лондон эрхээ аваад байлаа. Уг оны цагаан олимпийг Италийн Кортина Д’Ампеццод өгчээ. Гэвч 1939 оны сүүлчээр Их Британи, Франц тэргүүтэн фашист Германы эсрэг дайн зарлаж, асар олон хүний амь насны үнэд хүрсэн дайн ужгирсаар 1945 онд л нэг юм өндөрлөв. Лондончууд анх 1908 онд олимп хүлээн авснаасаа 40 жилийн хойно дахин явуулах хувьтай байж.
Дэлхийн II дайн шувтарснаас гурван жилийн дараа буюу 1948 онд зохион байгуулав. Энэ үеэр Лондон хотын зарим хэсэгт Германы бөмбөгдөлтийн ул мөрийг харж болохоор байсан гэдэг. Харин тус олимпод дайны ялагдагч Герман, Японы тамирчид оролцоогүй. 1948 оны цагаан олимпийг Санкт-Мориц, 1952 оныхыг Ослод хийсний эцэст буюу анх төлөвлөснөөсөө 16 жилийн дараа Кортина Д’Ампеццо 1956 онд ээлжээ өнгөрөөсөн түүхтэй.
MЮНХЕН
1972 Олимпийн наадмыг цуцалж явсан түүхээс ийнхүү танилцуулав. Харин түр завсарласан ганцхан тохиолдол байдаг нь 1972 оных. Мюнхен-1972 олимпийн дундуур (есдүгээр сарын 5-ны өглөө) Палестиний алан хядагчид Олимпийн тосгон руу нэвтэрч, Израилийн багийнхныг барьцаалжээ. Балмад хэрэг явдлын улмаас Израилийн тамирчин, дасгалжуулагч, шүүгч зэрэг 11 хүн, Германы нэг цагдаа амь үрэгдсэний улмаас олимпийн наадам 34 цаг завсарласан хэрэг. Түүний маргааш нь амь үрэгдэгсдийн дурсгалыг олимпийн цэнгэлдэхэд 80 мянган үзэгч хүндэтгэн цуглаж, Бетховений гуравдугаар симфони тоглож байжээ. Олимпийн гэр бүлийнхэн уг үйл явдлыг эрс буруушааж, бүгдээрээ эв нэгдэлтэй, эрх тэгш байх ёстойг ухаарсан гэдэг. Энэхүү үйл явдлаас сургамж авч, олимпийн үеэр оролцогчдынхоо аюулгүй байдлыг чухалчлан үздэг болжээ.
Бэлтгэсэн Ц.Ганбат
Уншиж байна |