УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Гадны хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулагчдыг татах замаар ард иргэд, бизнес эрхлэгчдэд боломж нээж өгөх хууль гэдгийг санаачлагч Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар онцолж байна.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэ хуулийн төслийг Засгийн газрын гишүүд нь эсэргүүцлээ. Тухайлбал, Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн “Хөрөнгө оруулалтын босгогүй болгосон нь Монгол Улсыг гадаадын ядуу иргэдийн цуглардаг газар болгоно. Монголд ирэх цагаачид Үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө” хэмээн шүүмжиллээ.
Мөн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун ч Ц.Даваасүрэн сайдтай адилхан байр суурьтай байна. Тэрбээр “Хөрөнгө оруулалтад босго байх ёстой. Энэ хуулинд алга, аюул дагуулна. Энэ байдлаар бол магадгүй 10 жилийн дараа монголчууд өөрийн газар нутагтаа цөөнх болохыг үгүйсгэх аргагүй байна. Улс орныг зэр зэвсгээр эзлэхээ больсон. Хуулиар нь дамжуулж, баялгийг нь булааж, хараат болгодог. Энэ хуулиас ийм болгоомжлолыг харж байгаа учраас дэмжихгүй” гэсэн байр суурийг илэрхийлэв.
Засгийн газар кабинетын зарчмаар ажилладаг. Засгийн газраас хуулийн төсөл санаачилж, хуралдаанаараа хэлэлцэн, сайд нар дэмжсэн тохиолдолд УИХ-д өргөн мэдүүлж батлуулдаг. Хөрөнгө оруулалтын хууль ч энэ зарчмаар парламентын хэлэлцүүлэгт ирсэн нь мэдээж. Гэтэл Засгийн газрын сайд нар нь танхимаасаа оруулж ирсэн хуулийг эсэргүүцэж суугаа нь Засгийн газрыг нэгдсэн байр суурьгүй байгааг харуулж байна.
Б.Хэрлэн