Олзноос суллагдсан эмэгтэй: ХАМАС-ын дайчид бидэнд сайн хандаж байсан
2023-10-25

Палестины ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долооны өглөө Израил руу гэнэт халдаж, олон хүний аминд хүрсний дээр 200 гаруй хүнийг барьцаалсан юм. Энэ барьцааны хүмүүсийн дунд олон орны иргэд багтаж байгаа ч аль ч орон  хүмүүсийг суллах ажиллагааг эхлээгүй байгаа. Гэхдээ ХАМАС бүлэглэл "хүмүүнлэгийн үүднээс" гэсэн тайлбартайгаар дөрвөн хүнийг суллаад байгаа юм. 

 

Хамгийн сүүлд ХАМАС бүлэглэл хоёр эмэгтэйг сулласан бөгөөд тэдний нэг болох Йохевед Лифшиц суллагдсаныхаа дараа Тель-Авивын нэгэн эмнэлэгт болсон хэвлэлийн бага хурлын үеэр олзонд байхдаа юу үзэж, туулсан талаараа ярьжээ. 

 

Түүний өгүүлснээр, ХАМАС бүлэглэлийн дайчид түүнийг мотоцикл дээр суулган, барьцаалан одсон гэнэ. Түүнийг зарим үед модоор цохиж, явган алхахыг шаардаж байжээ. Гэхдээ хоригдсон хойно, хонгилд байсан нөхцөл байдал харьцангүй дээр байсан гэж Лифшиц өгүүлсэн байна.

 

Лифшиц суллагдсаныхаа дараа ХАМАС бүлэглэлийн дайчинтай гар барихаар гараа сунгаж байсан нь хэвлэлүүдийн анхаарлыг татаж байв. Түүнийг яагаад ийм үйлдэл хийх болсон талаар сэтгүүлчид асуухад "Тэд бидэнтэй зөөлөн харьцаж, шаардлагатай бүхнийг өгч байсан" хэмээн Лифшиц хариулжээ.

 

Хонгилд барьцааны хүмүүсийг хорьж байхдаа өөрсдийн иддэг хоол хүнсийг ХАМАС-ын дайчид өгдөг байсан гэнэ. 

 

"Бид тэдэнтэй л адил хоол иддэг байсан. Бяслагтай талх, хайлдаг бяслаг, өргөст хэмх гээд. Энэ хоолыг өдрийн туршид иддэг байлаа" хэмээн Лифшиц өгүүлжээ. Түүнчлэн 2-3 хоногт нэг удаа эмч ирж, тэднийг үзэн, эм өгч байсан талаар ярьсан байна.

Өмнө нь ХАМАС бүлэглэл мэдэгдэл хийхдээ олзны хүмүүст сайн хандаж байгаа, тэднийг зочны ёсоор хүндэлнэ хэмээн мэдэгдэж байв. Энэ нь хоосон мэдэгдэл биш болохыг 85 настай Лифшиц баталжээ. 

 

"Тэд бидэнтэй сайхан харилцаж байсан. ХАМАС-ын дайчид хүмүүсийг олзлохдоо бэлэн, үүнд урьдаас бэлдсэн байсан нь харагдаж байсан. Бидэнд эрчүүд, эмэгтэйчүүд гээд бүгдэд хэрэгтэй зүйл, шампунь хүртэл бэлдсэн байсан" гэж Лифшиц ярьсан байна. Түүний өгүүлснээр олзны хүмүүсийг зөөлөн гудсан дээр унтуулдаг байсан гэнэ.

 

Лифшиц бол даваа гарагт ХАМАС сулласан хоёр эмэгтэйн нэг юм. Одоогоор ХАМАС бүлэглэл 79 настай Нурит Купер, 85 настай Йоховед Лифшиц, АНУ-ын иргэн Раанан болон түүний 17 настай охин Натали гээд нийт дөрвөн хүнийг сулласан.Израилын талын мэдээлснээр ХАМАС 222 хүнийг барьцаандаа байлгаж байгаа аж. 

 

Барьцааны хүмүүсийг суллахад Катарын гүйцэтгэж буй үүрэг

 

ВВС агентлагийн мэдээлснээр, олзны хүмүүсийг суллах хэлэлцээрийг ХАМАС бүлэглэлтэй хийх ажилд Катар зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа аж. Өнгөрсөн баасан гарагт ХАМАС эхний хоёр хүнийг суллахад АНУ Катарын эрх баригчдад албан ёсоор талархал илэрхийлж байв.

 

Катар олзны хүмүүсийг суллах хэлэлцээрт зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа нь тус улсад ХАМАС-ын улс төрийн жигүүрийн олон удирдагч ажиллаж, амьдардагтай холбоотой аж. Тиймээс Катарын эрх баригчид ХАМАС-ын улс төрийн жигүүрийн удирдагчтай шууд харилцаа холбоо тогтоож, улмаар тэднээр дамжуулан цэргийн жигүүрийнхэнтэй холбогдож байгаа нь дамжиггүй гэж ВВС агентлагийн редактор Жереми Боуэн онцолжээ.

 

Эргэн сануулахад, 2023 оны 10 дугаар сарын долооны өглөө Палестины ХАМАС бүлэглэл Израил руу халдаж, Газын зурвасын ойролцоох Израилын суурингууд руу дайчид нэвтрэн, олон зуун хүнийг хөнөөж, 200 гаруй хүнийг барьцаалан одсон юм. ХАМАС бүлэглэл Израил улсыг устгаж, Палестины бүхий л нутаг дэвсгэр дээр исламын улс байгуулах эрмэлзэлтэй. Энэ хөдөлгөөнийг Иран дэмждэг бөгөөд ХАМАС бүлэглэл 2007 онд Газын зурвасын төрийн эрхэнд гарч байв. Тэр үеэс хойш Израилтай хэдэнтээ дайн зарлаж байлаа. Энэ удаад урьд хожидоос хүчтэй цохилт өгсний хариуд Израил Газын зурваст агаараар цохилт өгч эхэлсэн. Мөн тун удахгүй хуурай замын цэргийн ажиллагаа эхлүүлнэ гэж зарлаад байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин