МИК, СЭЗИС хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2023-10-19

Өчигдөр тэмдэглэн өнгөрүүлсэн Дэлхийн ёс зүйн өдрийн арга хэмжээний үеэр Монголын ипотекийн корпораци (МИК), СЭЗИС хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Санхүү эдийн засгийн их сургуулийн ректор Б.Мөнхбаяр, “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК-ийн Эрсдэл хариуцсан дэд захирал Д.Отгонбилэг нар гарын үсэг зурлаа.

 

Уг санамж бичигт хоёр байгууллага сургалт судалгааны чиглэлээр хамтран ажиллах, ипотекийн санхүүжилтийн эко системийн тухай мэдлэг олгох, төгсөгчдөд ажлын байр санал болгох, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг ажлууд хийхээр тусгасан байна.

 

Энэ үеэр “МИК ОССК” ХХК-ийн Эрсдэл хариуцсан дэд захирал Д.Отгонбилэг

 

“Бид энэхүү санамж бичгийг байгуулж хамтран ажиллах болсондоо баяртай байна.  МИК-ийн зүгээс ипотекийн зээлийн эко системийн тухай зөв эх сурвалжаас мэдлэг мэдээллийг түгээхэд ач холбогдол өгч байна. Ипотекийн зээлийн талаар иргэд маш олон байр суурьтай байгаа. Манай улсад хэрэгжүүлж буй ипотекийн хөтөлбөр нь өөрийн гэсэн зарчимтай. Тэр мэдээллүүдийг нь зөв хүргэх, хүртээмжтэй байлгах нь чухал байна” хэмээн онцоллоо.

 

Мөн  СЭЗИС-ийн ректор Б.Мөнхбаяр

 

“Монгол Улсын ууган сургуулийн нэг болох СЭЗИС 100 жилийн ойг угтаж олон ажил санаачлан хийж байна. Дэлхийн ёс зүйн өдрөөр Монголд ипотекийн хоёрдогч зах зээлийг амжилттай хэрэгжүүлж байгаа санхүүгийн мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах болсонд таатай байна” гэж сэтгэгдлээ хуваалцлаа.

 

Ийнхүү мэргэжлийн санхүүгийн байгууллага болон санхүү бизнесийн чиглэлийн шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэдэг их сургууль мэдлэг туршлага хуваалцан хамтран ажиллах боллоо.

Shuud.mn
Сонин хачин