А.Амина: Тулалдаан бүр минь үнэ цэнтэй
2023-07-03

 

Хэдхэн хоногийн өмнө Монголын хүүхдийн спортын зуны VII наадмаас боксын төрөлд охидын 46 кг-ын жинд Хан-Уул дүүргээс оролцсон Азжаргалын Амина бүх өрсөлдөгчөө хугацаанаас нь өмнө дуусгаж алтан медаль хүртсэн билээ. Энэ жил 14 нас хүрсэн тэрбээр боксын спортоор хичээллээд нэг жил, долоон сар өнгөрсөн бөгөөд энэ хугацаандаа 12 тэмцээнд дараалан алтан медаль хүртсэн амжилттай байгаа аж. Түүнийг Нисэхийн VII сургуулийн биеийн тамирын багш Э.Гаваа дасгалжуулжээ. А.Амина энэ жил өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн, “Олимпын гараа”, Монголын хүүхдийн спортын зуны VII наадам зэрэг дөрвөн том тэмцээнд  аваргалсан юм. 12 тэмцээнд дараалан түрүүлсэн босоо охин А.Аминатай спортын талаар хэсэг хором ярилцсан юм. 

 

-Боксын спортоор хэд дэх жилдээ хичээллэж байна вэ?


- Боксын спортоор идэвхтэй хичээллээд нэг жил долоон сар болж байна. 


-Эрчүүдэд ч амар биш энэ спортоор, үзэсгэлэнтэй, туяхан охин яагаад  хичээллэх болов?


- "Radiance" клубийн багш дасгалжуулагч Э.Гаваа нь манай сургуульд  биеийн тамирын багшаар ажилдаг юм л даа. Багш маань нэг өдөр надад боксын спортоор хичээллэх санал тавьж Э.Гаваа багшийнхаа удирдлага дор боксын спортоор хичээллэж эхэлсэн.

 

 

-Бокс тулааны спорт учраас хүнд бэрхшээлтэй үе байсан байх. Тэр бүхэнд шантарч байв уу?


- Бэрхшээлгүй юм гэж байхгүй л дээ. Ялангуяа бэрхшээлийн ард ер нь ялалт заавал байх ёстой гэж бодож бэлтгэлээ хийдэг.  Зарим хүмүүс эмэгтэй хүүхэд боксоор хичээллэх нь хэцүү гэж ярих нь бий. Харин тэмцээндээ амжилт гаргасны дараа “мундаг юм аа” гэж хүмүүс хэлэхэд их урам авдаг.Тиймээс боксын спортод эмэгтэй тамирчид амжилт гаргах боломж бий гэдгийг мөн харуулахыг зорьдог.


-Боксын спортын гоё нь юу байдаг вэ?


- Хамгийн сайхан мэдрэмж бол ялж гарж ирээд багшдаа "Мундаг шүү миний охин" гээд үнсүүлэх тэр мэдрэмж маш гоё чамин байдаг. 

 


 

 -Хамгийн өрсөлдөөнтэй ямар тулаан байв?


-Хамгийн өрсөлдөөнтэй тулаан Залуучуудын улсын аваргаар ихэр бээлий клубийн тамирчин найз н.Алтанзултай 3 раунд ширүүхэн тулаан хийж 4:1 саналаар хожсон байдаг юм. Анх боксоор хичээллэж эхлэхдээ өрсөлдөгчөө хүчтэй цохисны дараа өвдсөн болов уу, яасан бол гэж боддог байсан. Харин одоо бол өрсөлдөгчөө ялахын тулд хүчтэй цохих хэрэгтэй гэдгийг ойлгосон.

 


 

-Рингэн дээр гарахдаа юунаас эрч хүч, урам зориг авдаг вэ?


- Аав ээж ах эгч Багш найз нөхдийнхөө хэлсэн үгэнд урам зориг авч урагшилдаг. 

 


 

-Чи боксоос өөр юу сонирхдог вэ, чөлөөт цаг аа хэрхэн өнгөрүүлж байна?


-Би ер нь бүхий л спортыг сонирхдог. Гэхдээ боксын спортоор хичээлснээс хойш бүх цаг заваа энэ спортдоо зориулахаар шийдсэн. 


-Цаашдын зорилгоосоо  хуваалцахгүй юу?


- Тамирчин хүн бүр олимпын тэнгэрт эх орныхоо дууллыг эгшиглүүлэхийг хүсдэг. Миний  ирээдүйн  зорилго ч гэсэн олимпын аварга болох. Миний хувьд спортын замнал минь дөнгөж эхэлж байгаа учраас илүү их хичээх болно.

Энэ цаг мөчид хичээл ордог багш нартаа маш их баярлаж явдаг аа хэлмээр байна. Хэдий байнга чөлөө авдаг ч гэсэн намайг үргэлж дэмжиж "Тамирчин хүн, амжилттай явж байгаа хүүхэд" гэж урамшуулдаг багш нарынхаа итгэлийг алдахгүй цаашдаа үнэхээр их хичээх болно оо. Мөн Radiance клубийг минь үргэлж ивээн тэтгэж байдаг Б.Амараа захиралдаа маш их баярладаг. Багшдаа маш их хайртай шүү.

 

-Ярилцсанд баярлалаа

Shuud.mn
Сонин хачин
Hicheegerei:
Delhiiruu zutge Amjilt
2023-07-04
Баяр хүргэе! Авьяас, ирээдүй байх шиг байна шүү. Хичээгээрэй! Амжилт!
2023-07-03