"Mayor's Ulaanbaatar Challenger” 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн гран-при тэмцээнийг зургаадугаар сарын 16, 17-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулна. Тус тэмцээн нь “Парис-2024” олимпын эрхийн оноо олгох албан ёсны цуврал тэмцээнүүдийн нэг юм.
Тэмцээнд дэлхийн шилдгүүд болох Сербийн “ҮБ”, Бельгийн “Антверп”, Латвийн “Рига”, БНХАУ-ын “Футион”, АНУ-ын “Харлем”, Канадын “Торонто”, Польшийн “Лүблин”, Литвийн “Мариянпол”, “Каунас” баг болон Монголын “Улаанбаатар ММС Энержи”, “Сансар ММС Энержи”, “Амгалан”, “Баянгол Бронкос”, “Отгонтэнгэр Бродерс” багууд оролцон өрсөлдөнө. Тодруулбал, дэлхийн таван удаагийн аварга Дэян Маястрович, дэлхийн аваргын үнэ цэнтэй тоглогч, дэлхийн чансааны нэгдүгээрт эрэмбэлэгддэг Страхина Стоячич нараар тэргүүлүүлсэн дэлхийн шилдэг Сербийн ҮБ, “Токио-2020” олимпын наадмын аварга Латвийн “Рига” багууд оролцох юм.
Харин “Улаанбаатар ММС Энержи” багт “ФИБА 3х3” Их дуулгын аварга, Серби Улсын иргэн Марко Дугосия анхны тоглолтоо хийх бол тэдний бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Ц.Отгонжаргал, Стив Сөр нар багтаж байна. “Сансар ММС Энержи” багт А.Ананд, О.Энхбаатар, Г.Ихбаяр, Н.Мөнхчөдөр, “Баянгол Бронкос” багт Б.Билгүүн, Д.Мөнхтүвшин, О.Сэргэлэн, Б.Тулуй нар тоглох юм. Мөн “Амгалан”, “Отгонтэнгэр Бродерс” багт Үндэсний дээд лигийн шилдэг залуу тоглогчид багтжээ.
"Mayor's Ulaanbaatar Challenger 2023" тэмцээний аварга баг 15,000 ам.доллар, дэд аварга 10,000 ам.доллар, III байр 6000 ам.доллар, IV байр 5000 ам.долларын шагнал авах юм. Мөн эхний хоёр байранд орсон баг Швейцар Улсын Люзанн хотод болох Дэлхийн Их дуулгад оролцох эрх авна.
Улаанбаатар хотын аялал жуулчлалыг спортоор дамжуулан хөгжүүлэх зорилгоор НЗДТГ-аас "Mayor's Ulaanbaatar Challenger” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг дэмжин, энэ жилээс уламжлал болгон зохион байгуулах юм. Монголын болон дэлхийн шилдэг багуудын өрсөлдөөнийг эх орондоо үзээрэй.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Уншиж байна |