Хоёр жилийн өмнө Монголын сагсан бөмбөгийн холбоод нэгдэж, мэргэжлийн цор ганц лигтэй байхаар эцэслэн шийдвэрлэсэн нь энэ спортын цаашдын хөгжлийг тодорхойлох томоохон алхам байсан гэж хэлж болно. Үүнтэй зэрэгцэн манай шинэ, залуу, чадварлаг тамирчид олон улсаас сагсан бөмбөгийн спортоор томоохон тэтгэлгүүд хүртэж, гаднын багуудтай өндөр дүн бүхий гэрээ байгуулж эхэлсэн нь Монголын сагсан бөмбөгийн түүхэнд цоо шинэ хуудас нээгээд зогсохгүй, олон ч залууст урам зориг болж байгаа билээ.
Монголын сагсан бөмбөгийн тамирчдын оролцсон гадна, дотнын олон сонирхолтой, гал гарсан тоглолтууд үзэгчдийг дэлгэцийн өмнө уяхын зэрэгцээ баг, багийн шинэ, шилдэг тамирчид олны анхаарлыг эрхгүй татдаг. Саяхан Монголын сагсан дээд лигийн финалын тоглуулт болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээний хамгийн том чимэг болох Онолбаатарын Энхбаатар болон дүү Онолбаатарын Хулан нар "Үндэсний дээд лиг"-ийн 2022-2023 оны улирлын ах дүү аваргууд боллоо.
О.Энхбаатарын хувьд cагсан бөмбөгийн 3х3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртээд удаагүй "Эрдэнэт Майнерс" багт тоглосон бөгөөд энэ улиралд онцгой сайн байж лигийн аварга болсон. Харин О.Хулан "Улаанбаатар Амазонс" багт тоглож аваргаласан бөгөөд үнэ цэнэтэй тоглогчоор тодорсон юм.
Уншиж байна |