Олимп дэлхийн аварга Усайн Болтын Ямайк дахь хувийн хөрөнгө оруулалтын фирм дэх данснаас 12,7 сая доллар алга болсон хэмээн The Guardian мэдээллээ.
Усайн Болтын дансанд өмнө нь 12,8 сая доллар байсан бол одоо ердөө 12 мянган долларын үлдэгдэлтэй байгаа гэнэ.
Түүний хуульчид Stocks & Securities Limited хөрөнгө оруулалтын фирмд хандаж "Манай үйлчлүүлэгчийн эсрэг залилангийн ноцтой үйлдэл хийсэн. Хэрвээ та бүхэн 10 хоногийн дотор мөнгөө буцааж өгөхгүй бол иргэний болон эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" хэмээн анхааруулга бичиг илгээсэн байна.
Харин түүний хариуд "Stocks & Securities Limited" тайлбар өгөх хүсэлтэд тэр даруй хариу өгөөгүй ба өөрсдийн цахим хуудсандаа мэдэгдэл гаргасан байна. Ингэхдээ, Үйлчлүүлэгчид маань илүү их мэдээлэл авахыг хүсэж байгааг бид ойлгож байна. Бид шаардлагатай гэсэн бүхий л зүйлс дээр хяналт шалгалт хийж байгаа. Сайтар шалгасны дараа бэлэн болмогц үйлчлүүлэгчдэдээ мэдэгдэх болно" гэж мэдэгдсэн байна.
Болт бол бүх цаг үеийн хамгийн шилдэг тамирчдын нэг бөгөөд 100, 200, 4х100 метрийн буухиа гүйлтийн дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг. 36 настай тэрээр 2017 онд зодог тайлсан билээ. Тэрбээр зөвхөн 2016 онд ивээн тэтгэгч, шагналын мөнгө, үзүүлбэрийн төлбөрөөс 33 сая долларын орлого олсон нь түүнийг дэлхийн хамгийн өндөр орлоготой гүйлтийн тамирчин болгосон юм.