Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж буй Катар улсад хүний эрхийн асуудал ноцтой хөндөгдөж байна.
Тодруулбал, Катарт ДАШТ болохоос өмнө наадамд бэлдэж байх явцад олон цагаач ажилчид амиа алдсан гэх мэдээлэл олон улсын хамтын нийгэмлэгийн шүүмжлэлд өртөөд байгаа юм.
Уг асуудалд Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ФИБА) албан ёсны мэдэгдэл гаргаж, амиа алдсан цагаач ажилчдын төлөө харамсаж байгаагаа илэрхийлжээ.
ВВС агентлагийн мэдээлснээр, зохион байгуулагч Аль Картер цагаач ажилчдын үхлийн талаар сэтгүүлчдийн асуултад "Үхэл бол амьдралын нэг хэсэг" гэж хариулж олны эгдүүцлийг хүргээд байна.
Энэхүү түүний хэлсэн үгэнд Олон улсын хүний эрхийн “Human Rights Watch” байгууллагын ерөнхийлөгч Ротна Бегум “Зохион байгуулагчийн хэлсэн үг нь нас барсан цагаач ажилчдыг үл тоомсорлож байгааг харуулж байна” гэж үзсэн юм.
Асуудлын гол нь цагаач ажилчин амиа алдсан хэрэг одоо ч үргэлжилж байгаа. Саяхан Филиппин эр Саудын Арабын шигшээ багийн бэлтгэл хийдэг амралтын газарт засвар хийж байгаад унаж нас барсан хэрэг гарсан байна.
Энэ талаар зохион байгуулах хорооны дарга Аль Картер хариуцлагаас мултрахын тулд "Нас барсан цагаач ажилчин миний харьяалалд ажиллаагүй" гэж мэдэгджээ.
BBC агентлаг "Одоогоор энэ асуудлыг Катарын эрх баригчид шалгаж байгаа бөгөөд Фиба бодит байдлыг мэдэж байгаа тул нэмэлт мэдээлэл авахаар орон нутгийн эрх баригчидтай холбогдож байна" гэв.
Эмнести Интернэшнлийн цагаачдын хөдөлмөрийн эрхийн мөрдөн байцаагч Эла Найт Катар хүний эрхийн асуудалд хайхрамжгүй хандсанд харамсаж байгаагаа илэрхийлж, "Бид Катарын эрх баригчдаас ажилчдын амь насыг хохироосон хэргийг шалгахыг олон удаа гуйсан ч үр дүнд хүрсэнгүй" гэжээ.